Friday, February 19, 2010

Ардчилсан хувьсгал 1996-2000 он

Ардчиллын түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх он жилүүд байв. Ардчиллын төлөө намууд буюу МҮАН, МСДН, МНН- ууд энэ удаагийн сонгуульд “Ардчилсан Холбоо эвсэл” байгуулан оролцож ялалт байгууллаа.


АХЭ энэ сонгуулиар УИХ-ын 76 суудлын 50-ийг нь авсан юм. АХЭ 51 суудал авах бүрэн боломжтой байлаа.Учир нь Өвөрхангай аймгийн дугаар тойрогт АХЭ-ээс нэр дэвшин өрсөлдсөн тус аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Түмэн-өлзий ялалт байгуулсан боловч МАХН-аас нэр дэвшигч Шийлэгийн Батбаяр сонгуулийг будлиантуулснаар 3 саналаар ялсан мэтээр зарласан юм. Аймгийн АХЭ-ийн штаб энэ асуудлыг шүүхэд өгч шалгуулахад анхан шатны шүүхээс сонгууль хууль бусаар явагдсан болохыг тогтоосон шийдвэр гаргаад байлаа.
Гэвч МАХН-ын талынхан дараагийн шатанд давж заалдсанаар анхны шийдвэрийг өөрчлүүлсэн юм. Энэ удаад АХЭ-ийн зүгээс дахин давж заалдалгүй орхисон болно. АХЭ-ийн хувьд нэг тойргийн төлөө заргалдаж явах цаг хугацаа, боломж үнэн хэрэгтээ байгаагүй гэхэд болно. Яагаад гэвэл Засгийн Газраа эмхлэн байгуулах, сайдуудаа томилох, байнгын хороодоо бүрдүүлэх гээд өдөр бүр хуралдаж, боловсон хүчний сонголт хийх, эвсэлд нэгдсэн намуудын удирдлагын зөвшилцөл хийх гэхчлэн ажил өрнөж байсан билээ. Чухамдаа бол УИХ-ын сонгуульд олонхи болохн Засгийн Газраа эмхлэн байгуулах, улс төрийн албан тушаалуудад өөрийн хүмүүсийг томилох урьдчилсан бэлтгэл, боловсон хүчний нөөц байгаагүй гэхэд болно. Ийм байдал нь УИХ-ын сонгуулийн дараа явагдсан орон нутгийн сонгуульд ч нөлөөлж, таваас бусад аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар МАХН-ын гишүүдээс бүрдлээ. Орон нутагт, ялангуяа дүүрэг, сум ,хороон улмаар багийн удирдлагын 80 гаруй хувь нь МАХН-ын гишүүдээс бүрдэж байсан нь УИХ-ын олонхи, Засгийн Газрын нэр хүндийг орон нутагт сайн бишээр харуулах гол хүчин зүйл болж байлаа. Энэ нь 2000 оны сонгуулиар АХЭ үндсэндээ бүрэн ялагдал хүлээх бас нэг шалтгаан болсон гэж үздэг. Өвөрхангай аймгийн нэг тойрогт байгуулсан ялалтаа баталгуулахад санаа тавьсан бол АХЭ УИХ-д 51 суудалтай болж аливаа сауудлаа бие даан шийдвэрлээд явах боломж бүрдэх байлаа. Хэдийгээр энэмэтчилэн алдаж оносон нь цөөнгүй боловч дараа дараагийн сонгууль, улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн сургамж болсныг тэмдэглэх нь зүй. Тухайлбал 1996-2004 оны хооронд АХЭ-ийн дөрвөн Засгийн Газар солигдсон нь сүүлдээ Засгийн Газрын гишүүнээр ажиллуулах хүн олдохгүй болж байснаар тайлбарлаж болно. Зарим яамдын сайдыг бараг “гудамж”-наас олж авчиран сайдын сэнтийд суулгаж, дараа нь намдаа гишүүн болгож авсан тохиолдол ч бий. Сургамж энэ бүхнээс үүдэлтэй. Ийнхүү олонхи болсон учир Засгийн Газраа эмхлэн байгууллаа. УИХ-ын даргаар Р.Гончигдорж, Ерөнхий сайдаар М.Энхсайхан , УИХ дахь олонхийн бүлгийн даргаар Ц.Элбэгдорж, дэд даргаар Ш.Батбаяр нар ажиллаж эхлэв. Энэ үеэс АХЭ-ийн бүлгийн дарга бөгөөд, УИХ –д олонхи болсон намын дарга яагаад Ерөнхий сайд болсонгүй вэ гэх яриа гарах болсон байдаг.

М.Энхсайханы буюу Ардчилсан хүчний анхны Засгийн Газар :
- Сангийн сайд – М.Цагаан
- Гадаад хэргийн сайд – Ш.Алтангэрэл
- Хууль зүйн сайд – Л.Цог
- Дэд бүтцийн сайд – Нямдаваа
- Хүнс хөдөө аж ахуйн сайд – Нямсамбуу
- Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд – Л.Зориг
- Байгаль орчны сайд – Адьяасүрэн
- Батлан хамгаалахын сайд – Д.Дорлигжав- Гэгээрлийн сайд - Ч.Лхагважав нар байсан. М.Энхсайханы Засгийн Газрын гишүүдээс өдгөө М.Цагаан, Ш.Алтангэрэл, Д.Дорлигжав гурав намдаа үлдэж бусад 6 сайд өөр намд харьяалагдах болсон юм.

Анхны Засгийн Газар нэг жилийн дараа огцорлоо. Огцрох болсон шалтгаан нь УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхээ больж бие даасан үйл ажиллагаа явуулах болсон нь үндсэн шалтгаан хэмээн үздэг ч өөр бусад шалтгаанууд байсан. Ийнхүү олонхи өөрийн Засгийн Газраа 1998 оны хоёр дугаар сард өөрсдийн санаачлагаар огцруулж, дур зоргоороо авирласан Засгийн Газартай хэрхэн хариуцлага тооцдог жишгийг харуулсан юм. Мөн онд МҮАН-ын дарга бөгөөд АХЭ-ийн дарга Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилж , эвсэлд нэгдсэн намуудад хувь тэнцүүлсэн хувилбараар Засгийн Газрын гишүүдийг томилон баталлаа.
Засгийн Газар үйл ажиллагаагаа эхлээд гурван сар болж байтал огцорсон Ерөнхий сайд М.Энхсайхан, УИХ-ын гишүүн До.Ганболд нарын удирдлагаар хожим “Элсний 13” хэмээн нэрлэгдэх болсон хөдөөгийн голдуу 13 гишүүн тухайн үед цөөнхи байсан МАХН-ын 25 гишүүнтэй сүлбэлдэж Засгийн газраа огцруулав. Намын доторхи хагарал, эв нэгдэлгүй байдал намдаа төдийгүй улс орны эрх ашигт хэрхэн сөргөөр нөлөөлдөгийн тод жишээ болон түүхэнд үлдсэн болно. Дараагийн Засгийн Газрыг “Элсний 13” өөрсдөөсөө бүрдүүлэх сонирхолтой байсан ч хувийн ашиг сонирхолдоо хэт хөтлөгдөн журмын нөхдөө хөсөр хаяхаас үл буцах тэднээр төр бариулах сонирхол МАХН-ынханд ч байсангүй. Ийнхүү дараагийн Засгийн Газар байгуулагдаж чадалгүй үүрэг гүйцэтгэгч Засгийн Газар 1999 оны хоёрдугаар сар хүртэл ажилласан байдаг. Ц.Элбэгдоржийн Засгийн Газрыг унагаах гол үндэслэл нь Хадгаламж банктай холбоотой мэт гадна талдаа харуулсан ч үнэн хэрэгтээ цэвэр өшөө авалт, түүнд дөрөөлсөн сөрөг хүчин болох МАХН-ын тоглолт хоёр хавсарч байлаа. Огцролтод нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болох тухай Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг ҮХЦэцээс хууль зөрчсөн хэмээн үзсэн явдал юм. Ц.Элбэгдоржийн Засгийн Газрын сайдууд:
- Сангийн сайд – Б.Батбаяр
- Гадаад хэргийн сайд – Р.Амаржаргал
- Хууль зүйн сайд – С.Батчулуун
- Хүнс хөдөө аж ахуйн сайд- Н.Алтанхуяг
- Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд – Ш.Батбаяр
- Дэд бүтцийн сайд – С.Зориг
- Батлан хамгаалахын сайд – Одонбаатар
- Гэгээрлийн сайд – Сайханбилэг
- Байгаль орчны сайд – С.Баярцогт.

1997 он. Ерөнхийлөгчийн сонгууль.
АХЭ Засгийн Газраа огцруулах асуудалд гол анхаарлаа хандуулан орон нутгийн намын байгууллага гишүүд дэмжигчдээ зөнд нь орхисон, намын ажил ерөнхийдөө цалгардах хандлагатай байсан зэрэг цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль боллоо. АХЭ Ерөнхийлөгч П.Очирбатыг улируулан сонгуулахаар нэр дэвшүүлэв. МАХН-аас УИХ-ын гишүүн, бөгөөд Н.Багабандийг дэвшүүллээ. Сонгуульд Н.Багабанди ялав. 1998 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн М.Чимэдцэрэн дельтапланаар нислэг хийж яваад осолд орж нас барлаа. Дархан-уул аймгийн 53 дугаар тойрогт нөхөн сонгууль болов. Энэ тойрогт талийгаачийн дүү М.Сономпил өрсөлдсөн боловч МАХН-аас нэр дэвшигч ялалт байгуулснаар МАХН-ын бүлгийн гишүүдийн тоо нэгээр нэмэгдсэн билээ. МАХН-ын дарга бөгөөд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга байсан хүн Ерөнхийлөгч болсноор АХЭ-ийн үйл ажиллагаанд учирсан саад , тээг улам лавширсан нь мэдээж. Хамгийн тод жишээ гэхэд Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Даваадоржийн Ганболдын нэрийг АХЭ вслээс дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцааж байв. Энэ үед УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд С.Зоригийг Ерөнхий сайд болгох тухай асуудал хөндөгдөж, эвсэлд нэгдсэн намууд үндсэндээ тохиролцоонд хүрээд байлаа.

1998 оны 10 дугаар сарын 2
АХЭ-ийн төдийгүй Монгол Улсын түүхэнд хараар бичигдэн үлдэх эмгэнэлт үйл явдал болов. УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ардчиллын загалмайлсан эцэг С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хутгалуулан амь алдлаа. Улс даяар гашуудал зарлаж, талийгаачийн дурсгалыг хүндэтгэн Алтан өлгийд нутаглууллаа. Цагдаагийн Газрын дарга хурандаа Мөрөн гэмт хэрэгтнийг тун удахгүй илэрүүлнэ, гаднаас ямар нэг тусламж дэмжлэг шаардлагагүй гэж мэдэгдэж байсан ч хэрэг сунжирч хугацаа алдсаар 2000 оны сонгуультай золгосон билээ. Энэ сонгуульд Мөрөн хурандаа МАХН-аас нэр дэвшин С.Зоригийн хэргийг МАХН ялвал илрүүлж чадна гэж сурталчилсаар байгаад ялалт байгуулсан юм. С.Зоригийг хөнөөсөн шалтгааныг тухайн үеийн хэвлэлүүдэд Ерөнхий сайд болох гэж байсан болон Эгийн голын Усан цахилгаан станцын тендертэй холбон бичиж байв. Энэ УЦС-ыг Малайзын нэгэн компаниар хийлгэхээр тохиролцсон байснаа гэнэт цуцалж Чехийн Техно арт гэгч компаниар бариулах шийдвэрийг Ерөнхий сайд М.Энхсайхан шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг дэд бүтцийн сайд С.Зориг эрс эсэргүүцэж байсан төдийгүй Чех улсад Техно арт гэх компани байдаггүй болохыг удаа дараа мэдэгдэж байсан билээ.
1999 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн санал болгосон таван хүний дотроос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ж.Наранцацралтыг Ерөнхий сайдаар томилж, Засгийн Газраа УИХ-ын гадна байхаар бүрдүүлэв.
Ж.Наранцацаралтын Засгийн Газрын сайдууд:
- Сангийн сайд: Очирсүх
-Гадаад Хэргийн сайд – Р.Амаржаргал
- Дэд бүтцийн сайд – Г.Батхүү
- Хүнс хөдөө аж ахуйн сайд – Содномцэрэн
- Байгаль орчны сайд – С.Мэндсайхан
- Эрүүл мэндийн сайд – С.Сонин
- Батлан хамгаалахын сайд – Ш.Түвдэндорж
- Хууль зүйн сайд – Даш.Ганболд
- Боловсрол соёл шинжлэх ухааны сайд – А.Баттөр нар тус тус ажиллаж байв.

Дахиад л зөрчил үүсэв. Ерөнхий сайд АХЭ-ийн бүлэгтэйгээ зөвшилцөлгүй Эрдэнэтийн хувьчлалын асуудлаар ОХУ-ын Засгийн Гэзрын тэргүүнд захидал илгээчихжээ. Өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрөв. Гэвч уг асуудлыг Үндэсний аюулгүй байдалд харшилсан гэж АХЭ-ийн бүлгийн олонхи үзсэн тул Засгийн Газраа хоёр дахь удаагаа огцруулав. Энэ удаад МАХН-ын бүлэг “Элсний 13”-тай нэгдсэнгүй. Тэдний хувьд Засгийн газар огцрох нь “ашигтай” байсан нь ойлгомжтой. Учир нь тэд Засгийн Газрын бүрэлдэхүүнд орох сонирхолдоо хэт хөтлөгдөж байсан нь нууц биш. Наранцацралт Ерөнхий сайд болсны дараахан АХЭ-ийн гишүүн Ц.Хулан, Т.Эрдэнэбилэг нарын УИХ-ын гишүүд МАХН-ын бүлгийн зарим гишүүдтэй хамтран казиногийн тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэхэд МАХН-ын 25 дээр АХЭ-ийн “Элсний” 13, УНН-ын 1 гишүүн хүч хавсран олонхи болж батлууллаа. Дараа нь казиногийн тендерийг будлиантуулсан, тендерт оролцогч Макаогийн компаниас авилга авсан байж болзошгүй гэх үндэслэлээр УИХ-ын 3 гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал хуулийн байгууллагаас УИХ-д оруулсан байдаг. Тухайн үеийн УИХ шалгуулах нь зүйтэй хэмээн үзэж товчлуур дарснаар УИХ-ын гурван гишүүн шоронд суусан анхны тохиолдол болсон юм. Хачирхалтай нь тэр гурав анх шалгаж эхэлсэн хэргээр биш “шалгах явцад илэрсэн” гэх татвараас нуугдсан зэрэг шалтгаанаар ял эдэлсэн байдаг. Үүнээс гурван жилийн дараа УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Батчулуун шоронгоос суллагдаад удалгүй бие нь муудсаар нас барсан юм. Хуулийн байгууллага шалгаж тодруулах ёстой энэ асуудалд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр идэвхийлэн оролцож, хэвлэлээр ярилцлага, мэдэгдэл хийж байсан нь олон хүний дургүйцлийг төрүүлж байлаа. Энэ бүгдээс үүдэн Засгийн Газрын гишүүд Ерөнхий сайдаасаа нүүр буруулахад хүрсэн байна.
Монгол Улсын түүхэнд анх удаа Засгийн Газрын сайдууд нь бүгд Ерөнхий сайдтайгаа хамтран ажиллахгүй хэмээн гарын үсгээ зурж УИХ-д оруулсан тохиолдол гарлаа. Дараагийн сонгууль хүртэл ганц жил хүрэхгүй хугацаа үлдсэн энэ үед АХЭ-ийн дөрөв дэхь Засгийн Газар буюу Р.Амаржаргалын Засгийн Газар байгуулагдав. Энэ Засгийн Газарт Ерөнхий сайдаа огцруулах санал гаргасан өмнөх сайдууд үргэлжлэн ажилласан.

2000 он. УИХ-ын ээлжит сонгууль.
Ардчилсан хүчнүүдийн хувьд том сургамж болсон сонгууль боллоо. Энэ сонгуульд МҮАН, МСДН хоёр тус тусдаа бие даан оролцсон нь ялагдал хүлээх нэг шалтгаан болсон гэж үздэг. Гэхдээ төр барьсан 4 жилийн хугацаанд Засгийн Газраа 4 удаа сольсон, Дэд бүтцийн УИХ-ын гишүүнд С.Зориг бусдын гарт алагдсан, Казиногийн гэх хэргээр УИХ-ын 3 гишүүнээ шоронд илгээсэн, дотроо эв түнжингүй байсан зэрэг олон хүчин зүйл АХЭ-ийн нэр хүндийг унагаасан нь үнэн. Ийм байдал нь сөрөг хүчний хувьд сонгуулийн сурталчилгаагаа явуулах таатай хөрс болсон нь судалгаагаар харагддаг. Сонгуулийн дүн гарахад ардчилсан намууд ганц суудал авсан байлаа. Тэр нь Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт. Түүний сонгуулийн гол сурталчилгаа нь АХЭ-ийн эсрэг чиглэж байлаа. Өөрөөр хэлбэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж байтал огцруулсан, казиногийн тендерийг будлиантуулж авилга авсан гурван нөхрийг шүүхэд шилжүүлсэнд манайхан дургүйцсэн гэх мэт намынхаа эсрэг хийсэн PR, нутгийн хүчин зүйл хоёр илт нөлөөлсөн юм.
Ялагдлаасаа сургамж авсан намуудын удирдлага зөвлөлдөж Ц.Элбэгдорж Р.Гончигдорж нарын удаа дараа гаргаж байсан нэгдэх саналыг дэмжив. Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг 2000 оны найман сард байгуулагдаж ажилдаа орлоо. Ажлын хэсгийг М.Энхсайхан, Н.Алтанхуяг нар ахалж Дүрэм журам боловсруулах, Олон нийттэй харилцах, Зохион байгуулалтын гэсэн гурван ажлын албатайгаар үйл ажиллагаа явуулав. Хэвлэл мэдээллийн бүх сувгаар улс төрийн намууд нэгдэхийн ач холбогдолыг сурталчилсан ярилцлага, нийтлэл, реклам явууллаа. 2000 оны 12 дугаар сарын зургаан буюу Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг билэгдсэн өдрийн морин цагт Төрийн ордонд Улс төрийн намууд нэгдэх анхны хурлаа зарлан хуралдуулав.
Энэ өдөр улс төрийн таван нам / МҮАН, МСДН, МСМН, МоАН, МШАН / ыг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан Нам байгуулснаа албан ёсоор зарлан тунхаглав. Намын даргаар Д.Дорлигжав, дэд даргаар С.Мэндсайхан / Байгаль орчны сайд асан /, Ц.Ганхуяг / Нийслэлийн намын дарга УИХ-ын гишүүн асан /, Ерөнхий нарийн бичгийн даргаар З.Энхболд / Төрийн өмчхийн Хорооны дарга асан /, нарийн бичгийн даргаар С.Ламбаа / УИХ-ын гишүүн асан/, Ц.Энхтүвшин / УИХ-ын гишүүн асан /, Ш.Батбаяр / УИХ-ын гишүүн ЭМНХ-ын сайд асан/, Ц.Сүхбаатар / Англи улсад элчин сайд асан /, Я.Санжмятав / Улсын Нөөцийн Газрын дарга асан / нар томилоглоо.
Намын төв хэвлэлээр “Сайн байна уу” сонинг оноож эрхлэгчээр нь Ш.Батбаярыг томилон 2001 ны зургаан сарын нэгнээс долоо хоног тутам нэг дугаар гарган аймаг, сум, дүүрэг, хороо бүрт хүргэх ажлыг зохион байгуулж эхлэв. Сонин нэг удаад 2000 ширхэг хэвлэгдэж сум, хороо бүрт 10 аймгийн төв, дүүргийн АН-уудэд тус бүр 100 ширхэг тараагдаж эхлэв.
“Ардчилсан Нам ард түмнээ сонсож байна аян эхлүүлж орон нутагт ажилласнаар 21 аймаг, 200 орчим сумыг хамарсан уулзалт, сурталчилгааг зохион байгуулав. Уран бүтээлчдийн дунд эрх баригчдын ажлын доголдлыг шүүмжилсэн сэдэвтэй шог зургийн уралдаан зарлаж “Инээдмийн баяр”-ын өдөр үзэсгэлэн гаргаж дүгнэв. Гишүүд дэмжигчиддээ зориулж сар тутам дотоод мэдээллийн “Цонх” сэтгүүл ОНХХ-ын ажилтан Эрдэнэболор эрхлэн гаргаж сум, дүүрэг бүрт хүргүүлж байв. Намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-г УИХ-ын нэг суудалд 2 гишүүн ноогдохоор квот тогтоон байгуулж, намын бодлогод зөвлөх үүрэг бүхий Зөвлөх Зөвлөл байгуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүн :
- Монгол Улсын анхны Ерөнхийлөгч п.Очирбат
- Ерөнхий сайд асан д.Бямбасүрэн
- Ерөнхий сайд асан М.Энхсайхан
- Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
- Сангийн сайд асан М.Цагаан
- Сангийн сайд асан Б.Батбаяр
- БОСайд асан М.Мэндсайхан
- Шадар сайд асан Да.Ганболд
- ЭМНХ-ын сайд асан Ш.Батбаяр
- УИХ-ын гишүүн асан С.Ламбаа
- УИХ-ын гишүүн асан Э.Бат-үүл
- Намын удирдлага батгаж байлаа.

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн төслийг Зөвлөл боловсруулан хэлэлцэж ҮЗХ-ны хурлаар батлав.
Мөн намын дээд шагнал “Чингисийн одон” байхаар намын дүрэмд тусган батлав. Намын туг, билэгдэлтэй болов. “Чингисийн одон”-гийн анхны эзэн нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч п.Очирбат болов. Үүнээс хойш Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Дархан аварга Х.Баянмөнх, сумогийн их аварга Д.Дагвадорж, ардчиллын анхдагчдын нэг УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж нарын зэрэг хүмүүс хүртсэн байна.

No comments:

Post a Comment