Friday, February 19, 2010

Ардчилсан хувьсгал 2000-2004 он

2001 он. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль Энэ сонгуульд АН-аас М.Энхсайхан Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлэн орон даяар сунгаа явуулж олонхийн дэмжлэг авсан Р.Гончигдорж ийн нэрийг дэвшүүлэхээр намын Их хурлаар шийдлээ. Энэ сонгуульд Н.Багабанди ялав. УИХ-д нэр даан бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Л.Гүндалай АН-д албан ёсоор элслээ.

2001 оны …дугаар сард хуралдсан ҮЗХ-ны ээлжит хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан З.Энхболдын саналыг хүлээн авч оронд нь Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Алтанхуяг, намын дэд дэргээр УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Нийслэлийн намын дарга С.Эрдэнэ нар тус тус сонгогдов. 2004 оны сонгуульд ИЗН-НН –тай хамтарч ажиллах хэлцэл байгуулав. Бусад намуудтай хамтран ажиллах анхны уулзалтууд хийж эхлэв. Ирэх сонгуульд эвсэл болж орох бус нэг нам болох саналыг АН-ын зүгээс тавьж байлаа. Эвсэл болох тохиолдолд эвсэлд нэгдсэн нам тус бүрт 2-5 хүртэл суудал өгөхөө илэрхийлж байв.
Намын ажил жигдэрч дараагийн сонгуулийн бэлтгэл ажилдаа орон идэвхжиж байлаа. Гэвч намын доторхи хагарал цэгцэрсэнгүй. М.Энхсайхан нарын бүлэг хүмүүс Ардчилсан Нам байгуулагдсан өдрөөс эхлэн намын дотор бүлэглэл үүсгэж, хагалан бутаргах ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Үүний тод жишээ бол 2000 оны 12 дугаар сараас хойш 2002 оны хоёрдугаар сар хүртлэх жил хагасын дотор ҮЗХ-ны хурал долоон удаа хуралдахад ганцхан намын даргыг огцруулах асуудлыг Энхсайхан нарын зүгээс хөндлөнгийн санал болгон оруулж хэлэлцүүлэн ярилцахаар төлөвлөсөн үндсэн асуудлыг саармагжуулсан байдаг.
2002.02 сар
Намын ҮЗХ-ны ээлжит …дугаар хурлаар намын даргаа өөрчилж М.Энхсайхан намын дарга болсноор АН-ын дотоод зөрчил улам хурцдав. М.Энхсайхан намын дарга болмогц өмнө ажиллаж байсан бүх боловсон хүчнийг ажлаас нь халж, өөрийн хүмүүсээ томилов. /Өдгөө эдгээр хүмүүс бүгд М.Энхсайханы байгуулсан ҮШН-д харьяалагдаж байна. “Сайн байна уу” сонины үйл ажиллагааг зогсоож, ИЗН-тай байгуулсан хэлцэлийг цуцлав. ҮЗХ-ны гишүүд хоёр хуваагдаж, нэгдсэн бодлого гаргахад түвэгтэй байдал бий боллоо. Намын үйл ажиллагааг 1996-2000 онд “Элсний 13” гэгдэж байсан нөхөд зонхилон удирдах боллоо. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан намын бодлого боловсруулах, ирэх сонгуульд бэлтгэх байнгын үйл ажиллагаанд оролцох боломжоо хязгаарлуулсан хэсэг нөхөд хамтран “Алтан гадас” ассоциаци байгууллаа. Төрийн бус энэ байгууллагаас Монгол орны ирээдүйн хөгжлийн төлөө хэрэгжүүлэх шаардлагатай 10 гол асуудал дэвшүүлж, тухайн чиглэлийн эрдэмтэн, судлаачид, улс төрчдийг хамруулсан хэлэлцүүлэг долоо хоног тутам явуулж, “Алтан гадас” сэтгүүл гаргаж эхлэв. Ассоциацийг үүсгэн байгуулагчид болон, дэмжигч гишүүд нь үндсэндээ бүгд АН-ын нөлөө бүхий гишүүд, ҮЗХ-ны гишүүд байсан тул аль ч талаасаа улс төрийн үйл ажиллагаа явуулж байна гэх “хардлагаас ангид байж чадаагүй юм. Нөгөө талаасаа ассоциаци дээр цугларсан гишүүд хүссэн ч эс хүссэн ч намын бодлого, цаашдын хувь заяанд анхаарлаа хандуулах болсон нь нууц биш.
2003 он. “Эх орон Ардчилал эвсэл” байгуулав.
Намын дарга М.Энхсайханы санаачлагаар МАШСН- тай хамтарч сонгуульд орохоор “Эх орон –Ардчилал эвсэл” байгуулагдлаа. ҮЗХ-ны гишүүдийн олонхи энэ эвслийг дэмжсэнгүй. Хэд хэдэн удаа уг асуудлаар ҮЗХороо хуралдсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм. Гэвч М.Энхсайхан МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар тохиролцон гэрээ байгууллаа. 2004 оны хоёрдугаар сар. “Эх орон –Ардчилал эвсэл”-д нэгдсэн намууд УИХ-д нэр дэвшүүлэх квот дээр зөрчилдөөн үүслээ. УИХ-ын 76 суудлын 25-ыг МАШСН-д өгнө гэсэн байр суурийг намын дарга М.Энхсайхан баримталж АН-ын ҮЗХ-ны гишүүд хүлээж аваагүй юм. Гэвч М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын байгуулсан гэрээний дагуу МАШСН-ын 200 гишүүн дээр М.Энхсайхан нарын 10 орчим АН-ын гишүүн оролцсон хурлаар гэрээ, квот батлагдсан байдаг. Дээр дурдсан гэрээнд орсон “Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллага нь эвсэлд нэгдсэн хоёр нам тус бүрээс томилогдсон 200 гишүүн оролцож, ердийн олонхийн саналаар асуудлаа шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгон хүссэн шийдвэрээ гаргуулсан гэхэд болно. “Эх орон-Ардчилал эвсэл”-ийн сонгуулийн штаб Залуучууд зочид буудлын нэгдүгээр давхарт тусгай байр засан байрлав. Штабыг М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар удирдаж, штабын даргаар Сангийн сайд асан М.Цагаан томилогдлоо. Штабын дэд даргаар Л.Пүрэвбаатар, олон нийттэй харилцах албаны даргаар Эрдэнэбүрэн, санхүүгийн албаны даргаар Ё.Гэрэлчулуун нар ажиллав. Эрдэнэбүрэн УИХ-д нэрээ дэвшүүлэн өрсөлдөх болсон тул чөлөөлж оронд нь Ш.Батбаярыг томилов. Мөн “Сайн байна уу” сонин гарч нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж байлаа. Нэр дэвшигч бүр намын дансанд тус бүр 10 сая төгрөг оруулсан нь сонгуулийн гол зардал болсон юм.
2004 оны зургаадугаар сар. УИХ-ын ээлжит сонгууль.
Сонгуулийн дүн тооцоолж байсан хэмжээнд хүрсэнгүй. Гэхдээ “Эх орон-Ардчилал эвсэл” ялалт байгуулав. УИХ-ын 76 суудлын 50-ыг авч чадлаа. Сонгуулийн өмнөхөн ИЗН-БНН задарсан нь үр дүнд нөлөөлж БНН-ын нэр дэвшигч нэг суудал авснаар эвсэл олонхи болох боломжоо алдсан юм. Ялалт байгуулахад МАШСН квотоор ноогдсон 20 суудлынхаа дөнгөж зургааг авсан нь илүүтэй нөлөөлсөн гэж үздэг. Эвсэл сонгуульд ялалт байгуулсан хэдий ч Засгийн Газраа байгуулах явцад дахиад зөрчил үүсэв. АН-ын дарга М.Энхсайхан МАШСН-ын дарга Б.Эрдэнэбат нар Засгийн Газрын гишүүдээ 50:50 харьцаагаар байгуулна гэсэнтэй холбогдож зөрчил эхлэв. Зөрчил улам хурцдаж “Эх орон-Ардчилал эвсэл”-ээ тараах шийдвэрийг М.Энхсайхан Б.Эрдэнэбат нар мөн л Удирдах Зөвлөл гэх байгууллагаараа шийдчихэв. Ийнхүү ардчилсан хүчин дангаараа Засгийн Газраа байгуулах нөхцөлөө бүр алдаад зогссонгүй УИХ-д бие даасан бүлэг байгуулах боломжгүй болсон юм.

No comments:

Post a Comment