Saturday, December 28, 2013

Ерөнхий сайдын мэндчилгээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо
сэргээсний 102 жилийн ойд зориулж
Ерөнхий сайд Н.Алтанхуяг
мэндчилгээ дэвшүүллээ.
Элэг нэгт Монголчууд аа,
Энэ өдөр туурга тусгаар Монгол Улсын иргэн бүрийн, өрх бүрийн баярын өдөр билээ. 102 жилийн өмнөх энэ өдөр Монгол оронд түүхэн тэмдэглэлт үйл явдал болсон.
Түүхийн зурвас үед харийн эрхшээлд байхдаа эрх чөлөө, тусгаар тогтнолоо зүүдэлж байсан Монголчууд цагаагчин гахай жилийн хувьсгалыг хийж, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, Монгол Улсын Засгийн газрыг байгуулсан билээ.
Тусгаар тогтнолыг бидний эцэг өвгөд сэргээн мандуулж, хайрлан хамгаалж, Монголын төлөө зүрх бүхэнд авч ирэх гэж тоолшгүй хүндийг гэтэлж, хэмжээлшгүй бэрхийг давсан юм.
Тусгаар тогтнол гэдэг энэ үнэтэй үг хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлийн хатаар дамжин биднийх болсон юм. Тиймээс энэ хоёрхон үгэнд эх орон өөрөө оршиж байдаг билээ.
Ард иргэд ээ,
102 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшил, бизнесийн боломж, гэгээлэг ирээдүйтэй улс орон болсон байна.
Улс оронд маань хийж хэрэгжүүлэх олон ажил байгаа ч  Монгол орон хөгжин дэвших их боломж байгаад бид итгэлтэй байна. Гэхдээ үнэлшгүй өндөр үнэ цэнээр олдсон тусгаар тогтнолыг өнөөгийн бид хайрлан хамгаалж, хүндлэн дээдлэж явах учиртай.
Улс оронд тусгаар тогтнолоос илүү эмзэг чухал зүйл гэж үгүй. Манай орны тусгаар тогтнолын хамгийн чухал амин сүнс нь Монгол хүн юм.
Монгол хүн бүрийн саруул ухаан,  эрүүл мэнд, эрдэм боловсрол, хичээнгүй хөдөлмөрт  тусгаар тогтнол оршиж байдаг. Тиймээс Монгол хүн бүр хүн шиг амьдарч, Монгол орон улс шиг хөгжих нь тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх хамгийн чухал үндэс билээ.
Өнөөдөр Монгол хүн ямар байна Монголын тусгаар тогтнол яг л тийм байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэсэн зүйр үг байдаг.
Монголын төлөө цохилох зүрх бүхэнд Монголын ард түмэн эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 102 жилийн ойн мэнд хүргэе.
МОНГОЛ ОРОН ҮҮРД МАНДАН БАДРАГ

No comments:

Post a Comment