Tuesday, November 11, 2014

Хөөх эсвэл заалтаа хасах хоёр л зам байна

АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Байгалтай цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн долоо хоногт танай хорооноос  засгийг огцруулахад багагүй хувь нэмэр оруулсан найман гишүүнийг хөөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл энэ шийдвэрийг ҮЗХ-ноос хүчингүй болгосон байна.   Үнэндээ ҮЗХ дүрмээ зөрчив үү, эсвэл танайх зөрчив үү?
-Хяналтын хороо гэж дуртай хэдэн хүн суугаад шийдвэр гаргачихдаг юм биш л дээ. Нам бол төрийн бус байгууллага. Байгууллага гэдэг утгаараа тодорхой дүрэм, журам үйлчлэх нь мэдээж. Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг АН-ын ИХ хурлаас томилдог. Дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод хэн нэгэн нь орж гарсан тохиолдолд  ҮЗХ-ны хурлаас нөхөн томилдог. Ийм л учиртай юм.АН-ын Хяналтын хороо 9 гишүүнтэй байна гээд заачихсан байгаа.  Нэг нь рөийн албан хаагч болсон тул одоогоор наймуулаа хэлэлцээд  намаасаа байгуулсан засгийн газраа унагасан гэдэг үндэслэлээр хөөхөөр шийдвэрлэсэн юм. Намын дүрэмд ч ийм заалт бий.  Гэтэл ҮЗХ-ээс энэ шийдвэрийг хүчингүй болгочихлоо.
-Биднийг хөөх шийдвэр гаргах хуралдаа байлцуулаагүй гэж танай намын “урвагчид” хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан.

-Хуралд ирэх ёстой найман гишүүнээс тав нь гарын үсэг зурж нэг нь түдгэлзсэн юм. Бид хурал хийхээсээ өмнө бүгдийнх нь утас руу залгасан. УИХ-ын гишүүн М.Зоригтынхоос бусдынх нь утас холбогдох боломжгүй байсан. Х.Баттулга гишүүний утас роуминг үйлчилгээнд холбогдсон, М.Зоригт гишүүний туслах нь утсыг авч “Дамжуулж хэлье” гэсэн. Ийм л юм болсон л доо.

-Хэдийгээр энэ шийдвэрийг хүчингүй болгосон ч асуудал нээлттэй хэвээр үлдсэн гэж ҮЗХ-ны зарим гишүүд тайлбарласан?

-Найман  гишүүнд хариуцлага тооцох асуудлыг ҮЗХ-ны энэ хурлаар дэмжигдээгүй ч хөөх эсэхийг дахин хэлэлцэх болно.

-Хөөхөөс өөр хариуцлага тооцох ямар заалт танай дүрэмд байдаг вэ?

-Манай намын дүрмийн 3.6-д гишүүнд шийтгэл ногдуулах гэсэн заалт бий. Үүнд сануулах, намын сонгуульт албан тушаалаас огцруулах, улстөрийн болон намын албан тушаалд дөрвөн  жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх, намаас хасах зэрэг заалт бий.

-Дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн шийдэх ёстой асуудал юм биш үү?

-АН-ын ҮД-ийн 3.6.1-д “...Гишүүн үүргээ биелүүлээгүй бол ҮД-ийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу ХЕХ, дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ноогдуулна.” гэсэн заалт бий. Намын дээд удирдлага, ҮЗХ-ны гишүүд, төрийн улс төрийн албан тушаал (УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гэх мэт...)-д сонгогдсон буюу томилогдсон намын гишүүнтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлыг ХЕХ хэлэлцэнэ. Харин дунд шатны намын байгууллага, түүний удирдлага болон намын хорооны гишүүд, төрийн улс төрийн албан тушаал (...аймаг дүүргийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч)-д сонгогдсон буюу томилогдсон намын гишүүнтэй холбоотой ирсэн өргөдөл гомдлыг дунд шатны намын байгууллагын хяналтын салбар хороо тус тус хүлээн авч хэлэлцэж дүгнэлт гаргана гэсэн заалт ХЕХ-ны үйл ажиллагааны журмын 3.1.1  болон 3.1.2-д байдаг юм. Үндсэн дүрэмтэй холбоотой аливаа тайлбарыг зөвхөн ХЕХ-ноос гаргадаг.

-Танай намын жирийн гишүүд “урвагч”-ийг хөөх ёстой гэсэн байр суурьтай байх шиг ?

-МАН-аас өргөн барьсан Ерөнхий Сайдыг огцруулах тогтоолын төсөлд АН-ын гишүүн Ж.Батзандан гарын үсэг зурсан цагаас эхлэн дүрмийн хүрээнд хариуцлага тооц гэсэн өргөдөл, гомдол, албан бичгүүд ирж эхэлсэн. Одоо ч мөн хариуцлага тооцох ёстой гэсэн гомдол ирүүлсээр байна.

-Р.Бурмаа гишүүний хувьд намаас хөөгдөх эсэх асуудал удаа дараа хөндөгдөж байгаа?

-Р.Бурмаагийн тухайд Дорнод аймгийн АН-ын хорооны дүрмийн бус хурлаас аймгийн АН-ын дарга болсон талаар гишүүдээс гомдол ирж бид энэ гомдлын дагуу намын ХЕХ-ноос очиж ажиллаад “...Ирц бүрдээгүй хуралдаж, дүрмийн бус намын дарга болсон байна...” гэж тогтоосон. Тэр хуралд оролцсон гишүүдийн ирц 50 хувь хүрээгүй, намын хорооны 93 гишүүнээс 35 хүн ирсэн, дээр нь намын хорооны гишүүн бус ах дүү, найз нөхөд нараа оруулаад хурал хийсэн байсан. Гэхдээ Р.Бурмаад биш дүрмийн бус хурал зохион байгуулсан хүмүүст арга хэмжээ аваад өнгөрсөн. Харин Р.Бурмаа гишүүнийг уучилсан. Үүний дараа “давхар дээл”-ний асуудлаар намын эсрэг санал өгөхөд намын жагсаалтаар УИХ-д томилогдсон мөртлөө гэсэн гомдол бас цөөнгүй гарсан. Одоо бол жирийн гишүүд байна Р.Бурмаа удаа дараа намын бодлогын эсрэг ажиллаж байгаа учраас хөөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Энэ 8 гишүүнийг хасвал УИХ дахь АН-ын гишүүдийн тоо цөөрч улмаар сөрөг хүчин болох магадлал ойрхон байна. Энэ гишүүдээ намаасаа хасахгүй байх нь зүйтэй биш үү? УИХ-ын гишүүний  санал өгөх эрхэнд халдлаа гээд байгаа?

-Үндсэн хууль зөрчиж УИХ-ын гишүүний санал өгөх эрхэнд халдлаа гэж ойлгож  болохгүй. Эдгэээр гишүүд УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихдээ “...намын үндсэн дүрэм болон холбогдох журмын хүрээнд намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа...” илэрхийлж байж сонгогдсон ҮЗХ-ны гишүүд юм. Бид УИХ-ын гишүүнд биш АН-ын ҮЗХ-ны гишүүнийх нь хувьд дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэлд нь дүгнэлт гаргаж байгаа хэрэг. Хасах тухай асууж байна. Дүрмийн дагуу арга хэмжээ авахгүй бол доод шатандаа буруу жишиг тогтоно. Дүрэм зөрчвөл шийтгэл ноогдуулна гээд заачихсан байхад тухайн байгуулага ямар нэг хэлбэрээр дүрмийн хүрээнд арга хэмжээ авах эсвэл ҮД-ийн 3.6.1.4 дэхь заалтыг дүрмээсээ хасах гэсэн хоёрхон зам байна.

Б.ДОНДОГ

No comments:

Post a Comment