Thursday, November 6, 2014

Д.Ламжав: Ер нь Ардчилсан социалист хөдөлгөөнийг (АСХ) байгуулах гээд идэвхтэй оролцсон хүн нь манай П.Улаанхүү байгаа юм

Социал Демократ намаас Улсын Бага Хуралд нэр дэвшсэн
Д.Ламжав, Р.Хатанбаатар, П.Улаанхүү нарыг сонгуулахаар
АИХ-д танилцуулж байна.
1990 оны 9 сар.
Энэ удаагийн зочноор Дондовын ЛАМЖАВгуай уригдлаа. Түүнийг ИРГЭН ЛАМЖАВ гэдгээр  сэхээтнүүдийн хүрээнд танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ. 1990 онд АИХ депутат, манай анхны байнгын парламент болох УБХ гишүүн байсан. “Үндсэн хууль”-ийг батлалцахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
-Таны олон ярилцлагыг уншиж байсан. Гэвч бага насны тань тухай мэдээлэл бага байх юм. Тэр үед амьдрал ямар байв, яаж өсөв, яаж сургууль соёлд орж байв? Энэ талаасаа яриагаа эхэлбэл уншигчдад маань сонин байх болов уу?
-Би 1940 онд Булган аймгийн Сайхан сумын Угалзын гол гэдэг газар төрсөн. Хөдөөний хүүхэд. Тэр цагийн хөдөөний хүүхдүүдийн ерөнхий дүр зургаар амьдарсан л даа. Онцолж ялгарах юм алга. Багаасаа л мал хариулсан.
-Аав тань залуудаа нэг удаа  улсын наадамд ирж барилдаад л начин болж байсан гэдэг.  Бас  тухайн үедээ Амар сайдын бөх гэж яригддаг байсан. Та аавынхаа тухай яриач?

-Тэгж начин болсон нь үнэн. Аавэх талаасаа Пүрэв начны удам.Эцэг талаасаа Даваажав харцагын талынх. Манай аав маань малчин хүн. Жин тээж өртөөнд их явсан. Янз янзын хатуу хөтүү ажил их хийсэн. Баяжих гэж,  мөнгө олох гэж Хүрээнд хувийн гуанз хүртэл ажиллуулж байж. Хятад туслахтай. Дороо хоёр ажилтантай гэж байгаа. Одоогоор өөрөө кассаа бичээд, нөгөөнөхөд нь хоол, үйлчилгээгээ хийдэг.  Аав хэлдэг байсан. Би бүх насаараа баяжих гэж бодоод чадаагүй гэж. Яаж баяжих юм бэ хөрөнгө хурааж байсан үе юм чинь дээ (инээлдэв.) Аавын эцэг, эх мал олонтойгоос нутатаабиш Хиагт, Хүрээнийөртөөний албанд их дайчлагддаг байсан юм билээ.
-Та бол монголын үе үеийн математикчдийг сурган хүмүүжүүлж байсан хүн. Яаж математик гэдэг шинжлэх ухааныг  сонгож суралцав?
-Намайг багадтоонд сайн гэж ярьдаг. Тэр үед жаахан юм заадаг байж.
-Сурагч байхад чинь үү?
-Тийм. Би10 дугаар ангиа төгсөөд Улсын шатрын идэрчүүдийн аваргын тэмцээнд  түрүүлсэн юм. Тэгээд зунжингаа Улаанбаатарт шатрын бэлтгэл хийж байлаа.Учир нь Швейцарьт болох Дэлхийидэрчүүдийн  аварга шалгаруулах тэмцээнд орно гэж. Тэгээд Москва руу Намсрай мастертай хамт явлаа. 
-Ямар Намсрай вэ? Ер нь шатарчин хүн үү?
-Шатрын мастер, сайд байсан хүн. “Шатрын түүх” гэж Лхагва мастерын бичсэн ном бий. Тэнд тодорхой буй. Дамдины Намсрай. Анхны улсын шатрын аварга. Москвад очоод тэндээсээ Швейцарь явах виз авна. Наадмын дараахан очсон. Үүнээс өмнөх түүхийг ярья.
-10 ангиа төгсөөд ирсэн ээ?
-Тийм. 10 дугаар ангийн эхний улсын шалгалт улс даяар 5 дугаар сарын 20-нд явдаг байлаа. Тэр өдөр би “Царцаа ногоон”-оор Улаанбаатарт Улсын идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж ирлээ. Тэмцээн эхлээд хоёр, гурван хоног өнгөрчээ. Дөрөв дэх дээрээс нь би орж байлаа. Өдөрт хоёр тоглох журмаар нөхөж гүйцээгээд тэгээд түрүүлсэн. Шинээр баригдсан Спортын ордны дөрвөн давхарт шатрын клубт Н.Намжил гуай дээр бэлтгэл хийнэ. Тэндээ байрлаад зуныг өнгөрүүлсэн.
-Н.Намжил гуай шатрын клубын дарга юм уу?
-Тийм. Саяхан хүртэл байсан даа.  Тэгээд Д.Намсрай гуай хөдөөний хүүхэд намайг европ маягаар хувцаслах боллоо. Наадмын 9, 10-нд хоёулаа дугуй унаад өдөржин давхиж Сайд нарын дэлгүүр орлоо.  Надад европ хувцас авч өгсөн. Тэгээд наадмын өдөр И-14 онгоцоор  ниссэн юм. Замдаа Омскт нэг хонолоо. Москва ороод Элчин дээр очсон. Зохиолч С.Удвал гуай чинь манай Намсрай мастерын авгайн талын хамаатан. Тэднийд,Б.Багаажав гуайнд очсон. Элчингийн ажилтан. Чухам ямар албан тушаалтайг нь сонирхох сөгөө байхгүй ш дээ. Элчингийн хүнтэй Швейцарийн элчин дээр очлоо. Наадмын 12, 13 байсан. Швейцарьт тэмцээн 17-нд эхэлнэ гэж байсан. Визийн захиалгаа авахад сарын дараа гарна. Тэгэхээр утгагүй болно. Тэр нөхцөлөөр авах болж байлаа.
-Мөнгөндөө хэргийн учир байв уу? Хурдан удаан гаргах ч гэдэг бил үү...
-Мөнгөндөө биш. Сүүлд ойлгосноор төмөр хөшигний бодлогоос л болсон бол уу. Эрт захиалахаа мэдэхгүй байсан хэрэг. Би юугаа мэдэхэв. Тэгээд Москвад 11 хоноод. Савхин дээлээ  Охотный рядгэдгийн  комиссийн дэлгүүрт  зарж овоо баяжлаа. (инээлдэв.)Тэрүүгээрээ бэлэг дурсгал юм аваад буцаж ирж байлаа.
-Тэр үед Москвад очсон сэтгэгдэл ямар байв?
-Гайхалтай сэтгэгдэл төрсөн. Би эргээд ярья л даа. Би сургуульд орохоосоо өмнө тэмээн жингээр хоёр дүүтэйгээ Улаанбаатар нэг ирсэн юм. Манай ээжийг эмчлүүлэх зорилготой. Тэгээд аавын төрсөн дүү Цэдэвдоржийнд ирсэн. Тоонных нь тэнд нэг дугараг хар юманд хүн дуулаад байх юм. Энэ дотор жижигхэн хүн байна даа. Ямар сонин юм бэ гэж бодож байлаа. (инээлдэв.)Ингэж анх удаа араажав гэдгийг мэдсэн юм.

-47, 48 оны үед юм байна ш дээ. Та сургуульд ороогүй байсан юм чинь?
-Тийм. 46, 47 оны үед байх.
-Тэгэхэд хөдөө радио очоогүй байсан уу?
-Юуных нь радио байх вэ. Би тэмээн жингээр нутгаасаа гараад байшин  үзээгүй байсан байхгүй юу. Тэгсэн Орхон гараад Могодын тэнд нэг тэр хоёр овоо том дүнзэн байшин үзсэн. Тэр зүгээр ч нэг дүнз биш. Бодвол тэнд хурал хийдэг байсан байх. Овоо цэгцтэй байшин.
-Багийн төв маягтай юм уу?
-Үгүй ээ. Лам нарын хурлын үлдэгдэл байсан байх. Москвад очоод телевиз гэдэг гайхамшигтай юмыг харсан.
-Тэр чинь 58 онд уу?
-59 он.
-Та шинжлэх ухаанч  хүн. Амьдралынхаа хугацаанд  сүнс ч гэдэг юм уу, бурхан ч гэдэг юм уу, магадгүй чөтгөр ч гэдэг юм уу иймэрхүү юмыг үзэгдэл үзсэн тохиол бий юу?  Лам мэргэлж таалаа гэдэг юм уу, ийм юм байв уу?
-Надтай гайхалтай юмнууд ерөөсөө тохиолдоогүй. Янз бүрийн юм зүүдэлдэг ш дээ. Тэр бол байсан.  Гэхдээ ээж минь хүүхдээ өвдсөн хол байхад юм уу, жишээлбэл намайг арван жилд сурч байгаад олгойн хагалгаа хийлгэхэд гэх мэтээр  ямар нэгэн юм тохиолдвол  ээж тэгж зүүдэллээ гээд тэр нь олон тохиолдолд үнэн байсан. Эх үрийн холбоог бас нэг нэлээн зайнаас юу гэх юм зөн совин ямар нэгэн юм эхийн сэтгэл хүчтэй байжээ гэж боддог.
-Гэхдээ энэ чинь шинжлэх ухааны ойлголт мөн үү, биш үү?
-Долгион гэх юмуу, хэн ялгах юм бүү мэд. Тийм юм байсан. Үүнийг тэр салбарт хамаарна гэж тайлбарлахыг хүсэхгүй байна.
-Гэхдээ юм байж магадгүй гэдэгт та итгэх үү? Бид нарын мэдэхгүй юм бас амьдрал дээр байж магадгүй гэдэгт Та үгүйсгэхгүй л юм байна?
-Хүн шинжлэх ухаанч байх тусмаа бидний мэдэж байгаа юм бол мэдэхгүй байгаагаасаа хавьгүй бага гэдэг ш дээ. Энэ бол зарчмын асуудал. Шинжлэх ухаанд итгэдэг хүмүүсийн чухал зүйл нь  яг л юмны үнэнийг олъё гэж бодож байгаа бол “ямар ч юманд битгий авт!” гэсэн байдаг. Худлаа буруу юм байж магадгүй учраас хэтэрхий их автвал юмыг бодитойгоор дүгнэх чадвар алдагдана. Иймд бүхэнд эргэлзэж үз гэсэн сургааль байдаг. гэж би боддог юм. Их чухал зарчим.
-Та тэгээд их сургуульд элсээд дараа нь багш болоод явсан уу?
-Чиний нэг асуудал дуусаагүй байна ш дээ. Миний ах Д.Нямсүрэн маань бидэндээ их буянтай  хүн дээ. Тэр маань Багшийн сургууль төгсөнгүүт 20-той хүүхэд чинь дүү нартаа их үлгэр болсон.
-Таны ах Д. Нямсүрэн сэтгүүлч Багшийн сургууль төгссөн юм уу?
-Тийм.  Могод, Гурванбулаг, Дашинчилэнд багш, хичээлийн эрхлэгч, захирал хийсэн. Гэхдээ үргэлж дагуултай би, миний  дүү Намхай бас өөр хүүхдүүдийг аваад сургаж байсан.
-Айлын том хүүхэд учраас үүргээ гүйцэтгэж яваа нь. Би Нямсүрэн гуайг мэднэ л дээ. Намайг 80 хэдэн онд сурч байхад Москвад “Үнэн” сонины сурвалжлагч байсан.  Мундаг өвгөн байсан юм?
-“Үнэн” сонинг Л.Түдэв гуай эрхэлж байх үед хэлтсийн эрхлэгч юм уу байсан хүн ах минь.
-Тэр цагт “Үнэн” сонины Москвад суудаг сурвалжлагч гэдэг чинь Элчин яамандаа гайгүй л нөхөр явна л даа.
-Яахав нас нь ахиад,  маш их ажил хийсэн л дээ хөөрхий. Тэгж яваад ээлж нь болохгүй юу.
-Нямсүрэн гуай Ардын намын сонины үзэл суртлын гол хүн. Гэтэл та нэлээн гөжүүд, нийгэмтэйгээ жаахан юу яадаг. 88 он гэхэд таныг санаж байна ?
-Чи байж бай л даа. Би юмаа гүйцээгээд ярья. Намайг есдүгээр ангид байхад ах маань Их сургуулийн монгол хэлний ангид орсон. Тэгтэл Ренчин гуай гурван хүүхдийг Энэтхэгт сургуульд явуулахаар сонгож.
-Яасан гурван хүүхдээ?
-Энэтхэгт сургуульд явуулахаар.
- Аан өнөө Ж.Бадраа гуай энэ тэрийг явуулсан багт уу?
-Тийм. Ж.Гэндэндарам, зохиолч Ж.Бадраа ах, манай ах гурвыг Энэтхэгт анх сургуульд явуулсан. Ах үргэлж захиа бичнэ. Одоо яах гэж байна? Сургуулиа төгсөөд ямар бодолтой байна? гээд бичнэ. Сонинд зарлал гарлаа. Барилга инженерийн ангид элсэлт авна гээд. Инженер гэдэг үг жаахан содон сонсогдоод инженер болъё гэсэн. Тэрнийгээ ч ахдаа бичлээ. АхЭнэтхэгээс бугуйн цаг надад бэлэглэсэн. Их гоё фосфортой. Миний цагийг багш нар худалдаж авъя гэж гуйна. Би: “ Ахын нандин бэлэг” гээд хавьтуулдаггүй байлаа. Шатрын тэмцээнээс болоод би улсын шалгалт өгөөгүй. Санаа зовоод явдаг. Тэгсэн дүнг минь журналаар гаргана гэлээ. Булганд ирсэн чинь миний аттестат хичээлийн эрхлэгчийн өрөөнөөс хулгайд алдагджээ. Ингээд аттестатгүй боллоо. Тэгээд аттестатыг Гэгээрлийн яаманд явуулна гэж хэллээ. Тэгээд 9-р сарын 1-нд хожигдохгүй ирсэн. Булганаар дайраад Гэгээрлийн яаманд сургуулийнхаа бичгийг өгсөн. Намайг Гэгээрлийн яамны хүн:“Ирж асууж байгаарай” гэлээ.  Нэг өдөр өнжив үү, үгүй юу асуудаг байв.  “Аттестат ирсэн үү” гээд. Нэг их сайхан зантай ах байна. Их сайхан хариулна, тэр ах. Тэр үеийн нийгэмтэйгээ харьцах харьцаа тийм гоё байлаа. Ерөнхийдөө тэр талаараа гоё байсан. Харьцааны соёлыг эзэмшсэн. Бүх юм шуудангаар явдаг байлаа ш дээ. Тэр үед шуудан холбоо ямар сайн байсан юм бэ. Манай ахын захиа Энэтхэгээс ирээд зовлонгүй авдаг байлаа ш дээ. Одоо бол ихэнх нь алга болох байх аа. Интернэтээр л харьцах юм. Нэг өдөр нар гийлээ дээ. 9-р сарын 19-ний өдөр. Онц төгссөн аттестат ирүүлжээ. Тэгээд аттестатаа аваад их сургууль дээр ирлээ дээ.
-Аттестат чинь алдагдаад шинээр бөглүүлээд ирж байгаа юм уу?
-Шинэ аттестат. “Барилга инженерийн ангид орно оо” гэсэн чинь:“Тооны ангид ор!” гэлээ. “Би тоонд ч дуртай” гэлээ. Аттестат энэ тэрэн дээр будлиантай хүн чинь уухайн тас шүү дээ. Намайг тооны ангид шахсан хүн нь шатрын спортын мастер Чимэдцэрэн багш маань байсан. Чимэдцэрэн багш  намайг шатрын улсын аваргыг мэдэх хойно“Факультетдаа шатарчинтай болъё” гэж бодсон байх. Бага зэргийн тийм сонирхол  байсан байж магадгүй. Элсэлтийн шалгалтыг манай ангийхан бүгдээрээ өгсөн  байдаг. Яадаг юм бол гэтэл намайг хайхарч байгаа хүн алга. Орос хэл мэл гээд юм бий шүү дээ. Манайхан бүгдээрээ аж ахуйд явчихсан. Намсрай мастерийнд ордны цэцэрлэгийн хойд талын эртний байшингуудад байдаг байлаа. Намар байранд ортлоо тэнд байлаа.

-Тэр үеийн улсууд  хөдөөний хүүхдийг гэртээ байлгадаг сайхан байжээ?
-Хөдөөний хүүхдийг хотын хүмүүс гэртээ байлгадаг. Одоо англиар “community”  гэдэг үзэл бодол байжээ. Хөдөө чинь хүн хүрч ирээд хоноё гэвэл хонуулна. Манай багт жишээлбэл, хараагүй хоёр хүн байдаг байлаа.  Хараагүйн учир амьдрал нь нэлээд хүндэрчихсэн. Тэр хүмүүс голынхоо айлаар дамжиж хоёр, гурван хоног тойроод явдаг байсан. Тэгэхэд бөөс хуурснаас нь салгах, хувцас хунарыг солих ажлыг тэр хүмүүс ээлж ээлжээр нь зохицуулдаг байлаа.
-Сайн утгаараа  тэр хүмүүсийг сайн харж, хандахын төлөө нэг ёсны хоорондоо өрсөлддөг ч байж магадгүй?
-Өрсөлдөнө ч гэж юу вэ. Ер нь хариуцлагатай. Айл болгон өөрийнхөө хэмжээнд тухтай сайхан байлгаад явуулдаг. Энэ чинь коммунети гэж асрагч хамгаалагч. Тэр мундаг эв хамтын үзэл байхгүй юу. Тэр иргэдээс чинь Улаанбаатарт байсан юм.
-Тэгээд дөрвөн жил сураад?
-Дөрвөн жил сураад Багшийн дээд сургуульд багшаар томилогдсон. Ангийнхан цөмөөрөөсаналаа:“Хөдөө явна”гээд өгчихсөн. Ухаандаа,“Улаанбаатарт сууна” гэлгүй. Одооны хүүхдүүд тэгэх л байх л даа.Тэгэхэд л Монгол улс шинэ хөгжлийнхөө үед байсан байна. Тэгэхэд Улсын багшийн дээд сургуульд олон хүүхдийг багшаар авч байлаа. Миний мэдэх. Математикаас Маам бид хоёр, физикээс Алтангэрэл Монхор хоёр, биологиос Мөнхбаяр гээд багш болсон. Би дутуу тоолсон байж магадгүй. Наад зах нь Их сургуулиас дөрвөн хүүхэд дээд сургуульд багшаар томилогдож байж.
-Түрүүнийхээ асуулт руу орьё. Ах Нямсүрэн тань үзэл суртлын том зэвсэг Ардын Намын “Үнэн” сонинд  нилээдгүй орон зайтай хүн байж. Гэтэл Та  намд нэг их төдгүй. 1988 онд  таны шавь, миний найз, яруу найрагч Ш.Уянга агсан“Ламжав багш гээд  хүмүүс Их сургууль дээрэсэргүүцэл хийлээ” гээд ирж байсан. Тэр үед ах чинь танд юу хэлж байв?
-Асуултанд хариулахад өмнө нь жаахан зүйл ярих ёстой. Ахыгаа яаж “Үнэн” сонинд очсонг хэлье. Намайг Их сургуульд байхад ахын Энэтхэгийн хоёр жилийн сургалт нь дууслаа. Цааш нь:“Дипломатын чиглэлээр сурч болно” гэжээ. Ж.Гэндэндарам гуай тэр чиглэлээр явсан. Ах маань ар гэрээ санагалзаад буцаж ирсэн. Тэгээд намайг хоёрдугаар курсэд байхад сэтгүүлчийн нэгдүгээр ангид орсон. Энэтхэгээс нэг л гоё амьтан ирсэн. Залуу байхад чинь стильтэй гоё хувцаслах  чинь харахад сайхан шүү дээ. Ах тийм л байдалтай байлаа. Тэгээд сэтгүүлчийн ангийг төгсөөд“Үнэн” сонинд хуваарилагдсан юм. Тэр үеийн сони маш их ажилладаг байлаа. Алдаа гаргавал дор нь янзална. Ингэж айхавтар олон жил зүтгэсэн хэрэг. 1984 онд ЗХУ-д хүмүүс шинээр гараад ирэхээр дагаад л  сайхан юм болох нь гээд горьдоод л. Бид ч орос хэлэнд дажгүй болчихсон оросын хэвлэл их уншина. Миний их уншдаг нь “Огонёк”, “Литературнаягазета”. Горбачевийг гарч ирэхэд манай хөгшин багш нарын яриа нэг сонин. Тэд:“М.Горбачев чинь Н.Хрущевтэй яасан адилхан юм? Толгой нь хүртэл халзан”гэж хэлэх.
-Настай багш нар нилээн консерватив. Хрущевийн л адил биз гэсэн байр суурьтай байжээ дээ? Ингэсхийгээд л өөрчлөн байгуулалт ч юу шалиаж. Ил тод ч бас...
-Гол санаа нь тэндээ байгаа юм. Яах вэ, ингэж байгаад авч хаяулна даа гэсэн санаа. Манай Засаг төрийн толгой ч гэсэн Горбочевт итгэхгүй байсан хэрэг. Ойлгомжтой юу. Тийм байдалтай манайх нэлээд олон жил боллоо шүү дээ. 87 оны хичээлийн эхний семестрын дүн гарлаа. Дүнгийн хурлыг 88 оны эхэнд хийлээ. Их сургуулийн нэгдүгээр зааланд деканы газраас дүнгийн хурал хийсэн. Тэгээд “ил тод байдал” гэдэг үг хүмүүсийг цэнэглэхгүй юү. Хүмүүс санасан бодсоноо ярьж болно гэлээ. Хүүхдүүд ярьж өгнө биз?. Тэгсэн Дарханд 10 төгссөн Цагааны Баттогтох гэдэг шавь маань үг хэллээ.“Үнэн” сониноор “Далай ээж цаазын тавцанд” гээд Ц.Балдоржийн нийтлэл гарчихсан. Л.Түдэв гуайн зүгээс салхилж эхэлсэн бүр Байгаль нуурын талаар хүчтэй бичдэг байлаа шүү дээ.
- Өөрчлөлт шинэчлэлтийг “Үнэн” сонин эхэлсэн юм гэдэг хүмүүс одоо ч бий шүү дээ?
-Тийм. Энэ сэдэв бол өөрөө улс төр эхэлж байгаа нь . Улс төр гэж шууд: “Энийг хусьяа” гэхгүй. Ямар нэг масктай эхэлдгийг чи одоо мэдэж байгаа биз дээ. Би бол тэр талаар  мэдэж байсан гэж хэлэхгүй. Одоо улс төр бол ийм  масктайгаар эхэлсэн байхгүй юу. Энэ тухай ярих цаг бидэнд олдох байх. Ингээд түрүүний асуултыг чинь дуусгахыг бодъё.  Хурал дээр Баттогтох л:“Оросууд болдоггүй. Дарханд ч болдоггүй. Тэр нэг үйлдвэрийг чинь оросуудтай хамтарч байгуулна” гээд. Энэ хүүхэд айхавтар юм хэлсэн байна шүү дээ. Коммунизмыг шинэ хүн бий болгох ёстой тийм ээ? Шинэ хүний дүр зураг Зөвлөлтийн хүн тийм ээ? Тэгэхээр тэр үед “орос хүн” гэхээр хараал шиг шахуу үзэж “Зөвлөлтийн хүн” л гэж ярьдаг байлаа.
-Ангилж үзэж байна, үндэсний үзэл гаргаж байна?
-Зөвлөлтийн хүн гэдэг нь коммунизмын үеийн шинэ хүн гэсэн санаа.Юм чинь тийм л байлаа шүү дээ. Одоогийн хүмүүст ямар хачин сонсогдох бол? Гэхмэтчилэн хүмүүс ярьсан байна. Би тэр хуралд байгаагүй. За тэгэхээр их сургуулийн намын хороо: “ Зөвлөлтийн эсрэг үзэл болж байна. Энэ болохоо байлаа” гээд хамаг сургаалд нь харшилж эхлэх нь байна ш дээ. Тэгээд манай шавийг л хашраах нь дээ. Баттогтох мундаг математикч. Олимпиадын хэд хэдэн удаагийн аварга. Надтай таарсан их мундаг авьяастай хүүхдүүдийн нэг. Толгой цохино доо. Тэгээд Лхамжав шавиа хамгаалахаар болсон.

-Тэгээд хэрхэн хамгаалав?
-Мань хүнийг хашраах хурал боллоо. Дугуй зааланд. Хурал нээгээгүй байхад Ламжав түрүүлж босоод самбар дээр хэдэн тоо бичлээ. А.Рыбаковын “ДетиАрбата”  роман гарчихсан байсан юм. Тэнд Зөвлөлт засаглалын харгислалаас болж учирсан хохирол гээд баахан тоо байлаа шүү дээ. Тэр хэдэн тоог самбар дээр биччихлээ. “Өөрчлөн байгуулалтыг дэмжих холбоо байгуулахыг хүсч байна” гэсэн маягтай үг хэлээд суулаа. Тэгсэн хүмүүс тал талаас давшлаад ялагч алга даа. Багш нар ч хамгаалаад ярьж байна. Ялангуяа, Төмөрбаатар гээд Говь-Алтайн нөхөр. Их сургуулийн физикийн багш. Оюутнууд ч гэсэн дуугараад л хурал үр дүнгүй тарах янзтай. Тэгсэн оюутнууд:“Нөгөө холбоогоо байгуулъя”  гэж дуугарч л байна.

-1988 онд уу?
-Би ч тэрнийг цааш нь аваад явъя гэж бодсонгүй. Ямар ч байсан оюутнаа аварлаа. Ингээд л дууссан. Дараа нь гал нь над дээр:“Одоо энэ нөхрийг л залхаа  гэж ирнэ” биз дээ гэж бодож байлаа. Би тэр үед янз бүрийн юм уншаад  лекцийнхээ дунд сенсаацитай мэдээллүүдийг оюутнууддаа хэлдэг байв. Одоогийнхоор сургалтыг тусгай хүн нийгэмшүүлэх бус багш болгон нийгэмшүүлэх үүрэгтэй гэж нэг зүйл байгаа биз дээ. Түүн шиг. Би бас л нэг тэр зүгт нэг юм хийгээд байсан шиг байгаа юм.(инээлдэв.) Миний хичээлийг хүүхдүүд гайхалтай  сонсдог байлаа.  Дараа нь над дээр гал буусан. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Өөр хэсэг нь улс төрийн хоёр арга хэмжээ явдаг байлаа. Чи мэднэ дээ. Нэг нь улс төрийн сонин уншлага. Нөгөөх нь, намын дугуйлан.
-Та чинь Ардын намын гишүүн байсан уу?
-Би Ардын намын гишүүн ерөөсөө байгаагүй. Багшийн дээд сургуульд байхад Шаравнямбуу багш маань:“Намд оруулна” гээд даалгавар энэ тэр болдог байсан. Шаравнямбуу багш Гэгээрлийн яамны сайд байсан хүн. Бид нэг тэнхимийн тооны багш нар.  Би хойшоо аспирантурт яваад намд элсээгүй юм. Тэр үед элсдэг ч юм уу гэж бодож л байсан л даа.
-Та чинь бол тэр цагийндиссидент хүн биш үү?
-Мэдэхгүй. “Диссидент” гэдэг үгээ бодож байж хариулах ёстой. Улс төрийн дугуйланд намын бодлого ярьсаар байгаад хүмүүс залхчихсан байдаг. Энэ байдал их чөлөөт орчныг үүсгэсэн. Чухам юу болоод байгаа юм бэ? Нэгэнт цагаа үрж байгаа юм чинь жаахан юм сонсъё гэсэн байртай. Тэгээд тэр дугуйланд хүн урьж яриулах хэрэгтэй болно.Цөмийн зэвсгийн талаар Орос, Америкийн хэлэлцээр юу болж байна? гэдэг ч юм уу.  Намын дуугардаг өнгө аяснаас арай өөрөөр дуугарах оролдлого  хийнэ. Ардын жүжигчин Г.Очирбат гуайг урьсан. Хоёр Мөнх аварга авцалдаад л байдаг байсан. Тэднийг ээлжилж  урьчихлаа. Д.Сүхбаатар судлаач О.Пүрэвийг урьсан. Тэгсэн мань хүн бидний сонсоогүй зүйлийг ярилаа. “Сүхбаатарыг оршуулаад хоёр цагийн дараа орос цэргүүд аваад явсан. Шүдэнд нь бас цагаан юмнууд байсан” гэдэг ч  юм уу. Энэ мэтийн талаар ярьдаг байсан. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай уулзаад хамт зургаа авахуулдаг байлаа. Нэг жаахан чөлөөт уур амьсгалтай болсон. Тэгсэн намын хорооны дарга намын дугуйлангуудаа эргэж явахдаа бидэн дээр нэг удаа орж ирлээ. Бат-Очир гээд түүхийн багш л даа. Би: “Нэгдэлжүүлсэх хөдөлгөөн буруу юм байгаа юм”гээд хэлчихлээ. Тэгсэн Бат-Очир багш гарч явснаа буцаад л ороод ирлээ. Намын  дарга ийм зүйлд хариу хэлэхгүй бол дэмжсэн хэрэгтэй ялд унана биз дээ. Тэгээд л тэгж ярьж болохгүй гэсэн байх одоо санаанд олигтой зүйл хоцроогүй байна.
-Таныг аргадах арга хэмжээ авсангүй юу?
-Манай декан, намын дарга хоёр:“Намайг уулзъя” гэлээ. Намайг улс төрөөс холдуулж, намайг аврах гээд байна шүү дээ. Өөрсдийгөө ч аврах гэж бодсон байх. Хэн ч гэсэн ер нь тэгнэ л биз дээ? Эрдмийн ажил хий гэлээ.

-Тэрийг нь Та буруутгадаггүй юм байна шүү дээ? Таныг завгүй болгох гээд байгаа болтой юм аа даа.
-Би буруутгадаггүй. Намайг завгүй болгох гэсэн. Би зөвшөөрөөгүй.  Дараа нь над руу гал чиглэсэн. Тэнхим дээр намайг авч хэлэлцлээ. Тэнхмийн ихэнх нь намайг хамгааллаа. Дараа нь деканы зөвлөл хуралдлаа. Бас л намайг хамгаалчихлаа. Хатуу арга хэмжээ авахгүй гэсэн утгатай сануулга өгч байсан. Хамгийн өндөр төвшний ректорын зөвлөлийн хурал боллоо. Биологийн ухааны докторО.Шагдарсүрэн манай ректор байсан.  Ректор л тас гэж байна. Захиргаадалтын тогтолцоо санал хураагаад сүйд зүйл болох биш. Тэгээд намайг хөөх боллоо. Тэр үед Үйлдвэрчний хорооноос  хөөх үү, үгүй юу гэсэн санал авдаг.Үйлдвэрчний хороо хөөхөөс өөр арга байхгүй гэсэн. Ингээд гол дээрээ хар юмтай болчихлоо. Тэгсэн эхнэр маань: “Ийм асуудал боллоо” гээд ахад хэлчихэж. Ах хойшоо яваагүй, “Үнэн” сониндоо байсан хэрэг. “Үнэн”-гийнхэнЯргайтад зусланд гардаг. Автобус нь Төрийн ордны хойно өглөө хүргэдэг,орой авдаг. Тэгсэн намайг ах:“Тэнд өглөө хүрээд ир!” гэж байна. Мэдчихэж дээ нөгөөдөх чинь. Болсон явдлыг  би ч ярилаа. Ах:“Улс төрийн асуудалд битгий оролц!  Чи юу болсныг бичээд өг! Би Ц.Намсрай даргын туслахад өгнө” гэсэн.
-Улс төрийн товчооны гишүүн, Намын ТХ-ны нарийн бичгийн дарга Ц.Намсрайд өгөх нь ээ? Тэр цагт Монгол Улсын гурав, дөрөвдүгээр хүн.
-Тэр Намсрай. За тэгээд бичих ажилтай боллоо доо. Эхлээд хүн өөрийгөө хамгаалахыг л бодно биз дээ. “Ил тод байдал ийм байх ёстой” гээд бичээд байсан. Зөндөө олон хуудас болж байна аа. Их ч хугацаа зарцуулж байна. Нэг өдөр хүнд азаар ухаан орж ирдэг юм шүү.
-Ямар ухаан?
-Ер нь миний энэ балай зүйлийг хэн уншиж суух юм бэ гэж орж ирлээ.
-Яагаад аз гэж?
-Юмыг зөв ухаарч байна гэдэг утгаараа тэр надад том аз байсан юм.

-“Бичгээ өгөхөө болъё” гэж шийдснээр ухаан, аз хоёр гэж үү?
-Үгүй ээ. Ийм балай урт юм бичээд яах вэ. Маш товчхон бичье гэж. Ганцхан өгүүлбэр бичсэн. Намсрай даргад гээд. “Намайг хамт олныхоо өмнө үзэл бодлоо илэрхийлсний төлөө ажлаас халлаа” гээд. Доор нь ректорын тушаал, үйлдвэрчний хорооны зөвшөөрсөн бичгийг наагаад ахад өгсөн. Зунжингаа:“Ажлаас хөөгдсөн. Намар яаж амьдарна даа” гэсэн бодолтой бүлх залгичихсан юм шиг байлаа. Наймдугаар сарын 25-наас өмнө намайг Намын төв хороон дээр дуудсан. Тэгээд ордонд орлоо доо. Тэгсэн нэг залуу хүн байна. Тэр: “За, Та олон залуучуудтай ажилладаг хүн. Хэлэх ярих үгээ бодож бай! Таныг Их  сургуулиас хөөхгүй. Та ажилаа  хий!” гэдэг байгаа. Захиргаадалтын тогтолцоо ийм сайхан. Ингээд гүйцээ!
-Үүнээс өмнө түмэнтээ шаналж, мянгатаа зовоо биз дээ?
-Би нэг чухал юм мартчихаж. Намайг хөөх тушаал гарахад  би оюутнууддаа хэлье гээд одоо энэ Орчлон сургуульд тооны багшаар ажиллаж байгаа Ц. Баяраад хэлсэн. Дугуй заалны өмнө явахад нь “Багшийг нь хөөлөө. Та нарыг хамгаалсан учраас намайг хөөсөн. Одоо та нар намайг хамгаалах ээлж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд хожим олж мэдсэнээр нөгөөдүүл чинь намайг хамгаалж, Яам, Төв хороонд бичиг бичсэн байна лээ. Баяраад итгэсэн гэхээр сонин биз?
-Сонин шүү?
-Би аж ахуйд явахдаа хүүхдүүдэд их сайхан жорлон бариулдаг, нэгд.  Тэгшхэн газар биеийн тамирын талбай засдаг байсан. Шийт зоогоод нөгөө хэдтэйгээ тоглоно. Баяраа бөмбөг сайхан тоглоно. Сургуулийн шигшээ багт явдаг гоё ч хүүхэд байсан. Тэр нь нөлөөлсөн болов уу гэж боддог байхгүй юу.
-Ямар нэгэн байдлаар хамтарч юм хийгээд шалгарсан хүүхэд байж.
-Спорт их сонирхдог оюутан. Оюутан хүн спортгүй бол их уйтгартай санагддаг юм.

-Тэгээд Та социал демократ намаа байгуулна биз дээ. Одоо ардчилсан хөдөлгөөн үүссэн баяр ч дөхөж байна даа? Тэр түүх бас сонин шүү.
-Ажилдаа үлдчихлээ. Тэгээд Орос руу сурахаар явъя гэж бодсон. Математикийн тэнхимийн эрхлэгч байсан Лхамсүрэнд хэлсэн чинь:“Та нэг асуудалд холбогдсон” гэдэг байгаа. Нөгөөдөх чинь: “Нам бол татгалзах янзтай байна аа” гэвээ. Тэгэхээр нь “ Намайг төв хороо зөвтгөсөн шүү дээ” гэж хэллээ дээ.(инээлдэв.) Ингэсээр 1988 он дууслаа.89 онд намайг  хойшоо явахыг зөвшөөрсөн. Москвагийн их сургууль дээр очлоо доо. Тэгсэн тэнд манай математикийн хэд  байна аа.

-Математикийн доктор Д.Халтар багш байсан биз дээ? Би тэр үед танилцсан юм сан.
-Халтар төгсчихсөн байсан . Москваднамайг  очиход манай ах “Үнэн” сонины сурвалжлагчаар оччихсон байсан.
-Ер нь танай математикийнхан их эсэргүү байсан шүү. Би 87, 88 оны үед Халтар гуайтай вагонд хамт явсан юм. Маш эсэргүү зүйл ярьж явсан хүн дээ тэр. 
-Тэгнэ ээ тэгнэ.
-Тэгээд тэнд ах оччихсон байдаг.
-Ер нь ах минь үүргээ гүйцэтгэж намайг аварсан юм шүү дээ. Москвад очсон чинь миний тухай аль хэдийнэ мэдчихжээ. Нөгөөдүүл сонирхоод, нэг л гэмт хэрэгтэн суллагдаад оччихсон юм шиг байна. Тэр үед Москвад хөдөлгөөн эхэлчихсэн.Сахаров, Елцин, Попов гэсэн хүмүүс үргэлж цуглаан хийнэ. Баабар авгайтайгаа Москвад байсан. Лужникт цуглаан болно гэж байна. Би  тийшээ яваад хүрлээ. Сахаров, Елцин үг хэлж, Попов цуглааныг удирдсан. Хүмүүс босоод үг хэлээд байна. Тэгсэн нэг улаан куртиктэй гоё залуу үг хэллээ. Москвагийн их сургуулийн физикийн ангиас өнгөрсөн жил хөөгдсөн юм байна. Мань хүн: “Коммунизм сөнөтүгэй” гэж  байна аа. “Чингисийн империйн үлдэгдэл” гэж Москваг хэлж байна. Тэр үг ч надад аятайхан сонсогдож байлаа.
-Москва тийм хэрэггүй юм бол бид түүнийгээ авчихсан ч яах вэ дээ?! (инээлдэв.)
-Тухайн үед Монголын түүхийн талаар том өгүүлэлүүд гарахыг бид нар дамжуулан уншдаг байсан. Ганцхан талаас нь айхавтар бичдэг байлаа шүү дээ. Тэгсэн наанатай, цаанатай анализтай юм байна аа. Тиймд тэр хүүхдийн үг надад таалагдаж л байлаа.  Тэгсэн Г.Попов энэ хүн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж байна. Хэлсэн үгийг нь бид хуваалцахгүй гэсэн.
-Гаврийл Попов хэдийбээр грек гаралтай орос хүн боловч Москвагаа юу гэж хүнд өгөх вэ? (инээлдэв.)
-Ингээд би Моксвад цуглаан хэсдэг болов. Баабартай цуглаануудад хамт явж байсан. Баабар надаас:“Та одоо яая гэж бодож байна?” гэж асуусан. “Нууц байгууллага байгуулах хэрэгтэй” гэсэн. Тэрнээс хойш юу ч яриагүй байтал мань хүн явах болсон доо. Тэгээд би ахаасаа албаны машиныг нь гуйгаад гаргаж өгч байлаа.
-Тэгээд Монголд ирсэн үү?
-Тэгсэн. Лхамжав лекцэн дундуур ярьдаг ч зогсоогүй. Сахаровын Үндсэн хуулийн төслийг  ханан дээр бичснийг бүгдийг нь гараар хуулж авсан. Хуулж авсан дэвтэр нь одоо надад бий. Тэгсэн нэг оюутан:“Багшаа, та энийгээ бидэнд яриад яах  вэ? Дээш нь тавих хэрэгтэй шүү дээ” гэж.
-Одоо энэ социал демократ намыг анх байгуулалцсан Мажиг Тунгалагийн анги мөн биз дээ?
-Тунгалаг тэр үед жирэмсний амралтаа авчихсан байсан юм шиг байгаа юм.
-Тэр чинь Таныг  анхнаас нь дагаж явсан хүн биз дээ?
-Тийм. Манай Тунгалаг чинь их сайхан хоол хийдэг. Ажилд сүрхий хүүхэд шүү.

-Анхны л социал демократ эмэгтэйчүүдийн л нэг  шүү дээ
-Тийм.
-Та Улсын Бага хуралд орсон. Ингээд ер нь яахав.....
-Би чамд илүү юм ярих гээд байна шүү дээ. Хүрч ирээд12 сарын 10 болоход багш нар нэг л жагсаал болох  нь гэж байсан. Жагсаал болох өдөр дээд сургуулиудыг цанын бааз руу явуулах боллоо. Оюутнуудыг жагсаалд очуулахгүй гэсэн хэрэг. Тэгээд ангиудаа аваад Хангайд руу гулгах ёстой. Оюутнууд нэг дор сонин уншлага хийнэ гээд цуглавал нэг өөр юм болчих гээд. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдийг ангид нь барь гэсэн чигтээ байсан.  Хагас сайны сонин уншлагыг бүгдээрээ хамтарч хийнэ гэхээр анги ангидаа хий гэсэн зааварчилгаа ирсэн. Тэгээд маргааш нь цанын бааз явахаар болсон. Тэгэхээр нь  хоёр дахь өдөр хичээлийн дараа салбараараа цуглахаар тохирсон.
-Салбар гэдэг нь факультет уу?
-Факультет гэхээр физик, цаг уур, математик орж байгаа юм. Салбар гэхээр зөвхөн математик багтана. Тэгээд хоёр дахь гэхээр 12-ны өдөр байсан. Тэгээд 12 сарын 10-нд Ардчилсан холбоо жагсаал хийсэн. Хүний эрхийн өдөр тохиолдуулж хийсэн. Наадах чинь тусдаа том сэдэв. Тэгээд оюутнууд ч цуглалаа. Багшаас би ганцаараа очлоо. Тэгээд Ламжав гайгүй прагматик шийдвэр гаргажээ. Тэгсэн бидний цуглаанд нэг сурвалжлагч ирсэн. Би одоо болтол Балдорж ирсэн болов уу гэж таадаг. Угаасаа би чинь хүн танихдаа муу байсан. Тэр хүн их сонирхолтойгоор бидний үйл явцыг сурвалжилсан хэрэг. Тэгээд салбар дээрээ “Чөлөөт ярилцлага” гэдэг сонин гаргана. Сонин дээр оюутнууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэсэн. Дараа нь редакцийн бүрэлдэхүүнийг сонгоход Ламжав багш, нэр бүхий 9 оюутан орлоо. Гол шийдвэр бол тэр. Би “Чөлөөт ярилцлага”-ын дүрмийг бичсэн. Самбарт тавьж байгаа нийтлэлийн хариуцлагыг тухайн хүн нь өөрөө хариуцна гэсэн утгатай зүйл бичсэн. “Хувийн өмчийг байхгүй болгосон нь коммунистуудын алдаа” гэсэн зүйлийг Ламжав хэлэх гээд л байгаа юм. Нэг танилаасаа«Наукаижизнь» гэдэг сэтгүүлийг би уншсан юм. Тэнд Н.Бердя́евийн39 онд бичсэн өгүүлэл байсан. Нэг их хурц биш ч гоё  дүгнэлт хийсэн байв. Санаа нь: “Коммунистууд хувийн өмчийг устгаж байгаа нь том алдаа байж магадгүй” гэж. Миний үзэл бодол хувийн өмчийг устгасан нь бүх  муу юмны суурь юм байна гэсэн ойлголт байсан. Дээр би Бат-Очир багшид:“Нэгдэлжүүлсэн нь буруу юм” гэж байсан даа. Тэгээд л би тэрнийг ил гаргаж тавья гэж бодсон.
-Энэ бол жинхэнэ тогтолцооныхоо эсрэг юм болно биз дээ?
-Жинхэнэ коммунист тогтолцооны эсрэг болно. Оюутнууд ч янз бүрийн зүйл бичээд байв. Үүнд би жаахан шийдвэртэй юм бичнэ дээ гэж. Тухайн үед манайд хамгийн гол нь мал байсан болохоор түүнийгээ л хараад байхгүй юу даа, бас. Дараа нь сониныхоо удиртгал болгож тэр өгүүллийг биччихээд эхнэр хүүхэддээ:“Та нар янз бүрийн асуудал гарвал үүний араас бүү хөөцөлд! Аав нь шийдчихсэн” гэв. Оюутнууддаа:“Багш нь үстэй дээлээ бэлтгэчихсэн” гэж хэллээ. Өгүүллээ хүнд уншуулахын тулд аль болох томоор бичсэн. Түүнээс хойш янз бүрийн зүйл бичсэн, гэхдээ тэр бүхнийг яриад яах вэ. Миний хамгийн чухал алхам тэр байсан юм.

-Тэгэхдээ танд үстэй дээл хэрэг болоогүй юм байна, тийм ээ?
-Хэрэг болоогүй.
-Та юу гэж боддог вэ? Нэгдэл гэж ярихад өмчийг нь хүмүүст өгдгөөрөө өгчихдөг. 

 Тэгээд хөдөлмөрийг нь хамтын болгох тийм бүтэц байхад болохгүй гэж үү? Жалгаар нэг тарсан хүч муутай бүтэц.

-Тэрнийг үгүйсгэхгүй. Тэр чинь жинхэнэ хоршоолол уу. Эсвэл одоо хувьцаат компани ч гэдэг юм уу. 
-Өмч нь өөрийнх нь байдаг. Хөдөлмөр нь нэгдсэн үйлдвэр, үйлчилгээ, худаг ус, нийтийн үйлчилгээ хамтын хөдөлмөр байлгахын тулд...

-Коммунити гэдэг чинь тэр шүү дээ. Захиргалдаадалтын биш.. Энэ чинь хоорондоо нарийн ялгаатай зүйл. Энийг бол би үгүйсгэхгүй л дээ. 
-Таны амьдралд Үндсэн хууль бас их том сонирхол татдаг юм шиг надад бодогддог..
-Чиний асуултад хариулж дуусаагүй байхад дундуур нь орж ирээд байх юм. Ер нь Ардчилсан социалист хөдөлгөөнийг (АСХ) байгуулах гээд идэвхтэй оролцсон хүн нь манай П.Улаанхүү байгаа юм. “Чөлөөт ярилцлага” сонин дээр гарсан юмнуудыг бүгдийг нь хадгалдаг. Миний анхны өгүүлэлнадад байж байгаад галд шатаагдсан байх аа. Ер нь энд тэнд гараагүй юм. Хурал цуглаанд хэлсэн үг, сонин дээр гарсан зүйлийг хадгалж баталгаажуулж үлдээсэн хүн бол Улаанхүү. Нөгөө ханын сонинг гудамжинд гаргах ажлыг Улаанхүү зориглож хийсэн. Өөрөөр хэлбэл, хашаан дээр гаргаж хадна гэсэн үг. Тэгээд тэрийг чинь хүмүүс их уншдаг байсан юм.

-Их сургуулийн хоёр байрны хооронд нэг хятад гуталчин байсан шүү дээ. Тэнд самбарт гаргасан гэл үү?
-Тэрний яг зүүнхэн талд  нь хаддаг байсан юм. Тэгж АСХ байгуулагдсан юм даа. Идшинноров түүхийн хүрээлэнгээс орж ирсэн. Энэ акадеимийнхан, их сургуулийн байгалийн ухааныхан их нэгдэж байсан юм.

-Түүхч С.Идшинноров. Сүүлд музейн дарга байсан.
-Мөн. Бид нэг жилийн оюутнууд байхгүй юу. Тэгтэл хойно байсан ахаас маань намайг сургасан захидал ирсэн.
-Өө бүр. Юу гэх юм?
-Нямсүрэн ах маань 1990 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр дүүдээ захидал бичжээ. Би энэ захидлыг их уншдаг. Ахынхаа бидний төлөө хийснийг хайрлан дурсах сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Хүн загнуулах ахтай байх сайхан шүү. Москвагаас бичсэн захидалд: “Чиний ах Нямсүрэн чинь бичиж байна. Ламжав чиний талаар “Новости Монголии” сониноос уншлаа. Бас хүмүүс надад чиний удирдаж байгаа хөдөлгөөний талаар ярьж байна. Тэд хов зөөж байгаа хэрэг биш. Дүүгээ замаа алдахаас нь өмнө засаж ав гэж бодсон хэрэг. Улсдаа хэдэн сайн математикч гаргаад өгвөл сайнсан гэж би чамд олон удаа хэлсэн. Энэ сайхан шинжлэх ухаанаас яагаад чи урваж, улс төрийн хий өвчинд нэрвэгдэв. Чиний тэр хөдөлгөөн чинь чи бид хоёрын ээж, хэдэн малчин эгч нар маань оролцож байгаа юу. Энэ солиотой ажлаа яг энэ цаг мөчөөс эхлэн зогсоож, эрүүл саруул ухаан руу эргэн ор гэж төрсөн ахын чинь хувьд би чамд хэлж байна. Та нартай та наргүй ард түмэн түүхээ өөрөө бүтээдэг юм. Юу ч хийж бүтээгээгүй хэвтэж Сахаров шиг гарамгай хүнийг битгий сохроор дуурай. Энэ чинь Спартакийг сумын улаан буланд тоглосонтой адил инээдмийн зүйл. Зөвлөлт холбоот улсын зарим нутаг, Дорнод Европт юу болж байна. Энгийн хүний цус урсаж ард түмэн хуучнаасаа долоон дор байдалтай болж, улс төрийн хэнээтнүүдийг хараан зүхэж байна. Ийм л улс орныг муу замд хөтөлж байгаа та нарын хөдөлгөөнд цухалзаж байгаа юм шиг санагдах юм. Та нар энэ засагт юугаа алдсан хүмүүс вэ. Харин засаг хэт энэрэнгүй байж та нарт сул мөнгө өгснөөс болж, улс орны эдийн засаг сульдаж байж мэднэ. Сайн удирдагч, мэргэжилтэн, удирдах хүн гарахгүй байгаа бол түүний хариуцлагыг засгаас өмнө багш нар хүлээвэл шударга хэрэг болохсон болов уу. Үгийг минь анхааран сонсох болов уу гэж найдсандаа чамд үүнийг бичсэн чиний төрсөн ах Нямсүрэн 1990 оны 2 сарын 3” гэж бичжээ.
-Та юу гэж бодов?
Одоо миний үг байна. Би аль хэдийнээс улс төрийн тэмцэл эхэлж сэтгэл шулуудсан байсан тул ахынхаа үгэнд орох боломжгүй байлаа. Энэ бол ахынхаа үгнээс зөрсөн анхны бөгөөд сүүлчийн тохиолдол байсан билээ. Хүмүүсийг сонгосон замдаа тууштай байг гэж бодоод захидлыг Ардчилсан социалист хөдөлгөөний гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр уншуулж сонгосон. Харин миний ах, эгч, ээж бүгд ардчилсан хөдөлгөөнд идэвхтэй бөгөөд тууштай оролцсоныг нутгийнхан маань андахгүй.
-Ахынхаа тухай сайхан дурсамж ярилаа.
-Бас болоогүй. Намайг Их сургуулиас хөөгдөхөд  Шагдарсүрэн ректортой очиж уулзжээ, ах минь. Тэгэхэд ректор: “ Ламжав үзэл суртлыг л буруу ойлгоод байгаа хүн” гэж хэлж гэнэ ээ. Тэгсэн ах маань:“Ер нь зөв ойлгож байгаа хүн байгаа болов уу?” гэсэн хариулт өгсөн юм гэсэн.(инээлдэв.) Өөр нэг удаа сэтгүүлчЦогзаяабаатар надад ярьсан юм.  Манай ах Их сургуулиас “Үнэн” сонинд шалгалт авах улсын шалгалтын комисст орж л дээ. Тэгээд энэ Цогзаяабаатар төгсөх шалгалт өгсөн юм байна. Дүн тавих болж гэнэ. Тэгсэн  Цогзаяабаатар шалгалт авч байсан багш нарын заримтай нь жаахан зөрчилдөөнтэй байж л дээ. Тэгээд багш нар нь дүнгий нь жаахан доогуур тавих гэсэн байх л даа. Манай ах тэр талаар мэдэхгүй шүү дээ. Тэгсэн манай ах наад дотор чинь ганц гайгүй нь наадах чинь шив дээ гэж хэлж гэнэ. Тэгээд Цогзаяабаатартзохих үнэлгээг нь өгсөн юм даг уу. За ингээд миний ах ямар байр сууринаас хандаж байсан нь тодорсон байх.

-Та бол Улсын бага хурлын гишүүн,  АИХ-ын депутат байсан. 
-Тэгсэн.
-Та шинэ Үндсэн хуулийг өлгийдсөн хүний нэг. Үндсэн хуульд их анхаарал тавьдаг хүн. Тиймээс ч Таныг иргэн Лхамжав гэдэг байх. Үндсэн хуулийн урт хугацаанд үйлчлэх чанар гэж  юм байна шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ0 Ингээд өөрчлөөд байх ёстой юм уу. Өнөөдөр Та байгуулалцсан төрийн тогтолцоондоо хэр сэтгэл хангалуун байна вэ
-Зарим зүйлийг ярихын тулд зарчмын зүйл дээр ойлголцох шаардлагатай байдаг. Нэгдүгээр зарчим бол ялангуяа үндсэн хууль, ер нь аливаа юмыг нэг мөсөн сайн хийх боломжгүйг хүлээн зөвшөөрөх нь чухал. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа хүнтэй юм ярьж болно. Энэ бол маш энгийн боловч санаж явахад илүүдэхгүй зүйл юм. Ялангуяа тоталитар коммунист тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжихэд хуучин тогтолцооны инерцийн хууль үйлчилсэн. Нийгэмд энэ инерцийн хууль бий. Өмнөх тогтолцооны ул мөр тусчихсан хэрэг. Ямар ч юм цаг үеийнхээ бүтээгдэхүүн байдаг болохоор түүнээс салахад хэцүү. Тэгэхээр  1990 онд үүнээс сайн үндсэн хууль хийх бололцоо байсан уу гэдэг нэг өөр. Нийгмийн оюун санааны потенциаль байсан уу гэдэг өөр. Тухайн үед чадлынхаа хэрээр хийсэн зүйл гэдгийг сайхан сэтгэлийн угаас хэлнэ. Ямар ч цаг хугацаанд хүмүүс өөрийнхөө цаг үед хийх ёстойгоо хийхгүй бол дараагийн үедээ шүүмжлэгдэнэ. Саад болоод байгаа юмыг шинжлэх ухааны үүднээс нарийн гярхай шинжилж хараад засах ёстой зүйлийг цаг алдалгүй засах ёстой. Уг нь 1990 оны депутатууд таван жилийн хугацаатай сонгогдсон юм шүү дээ.  Энэ хугацааг 1992 оноор дуусгая гэсэн санааг би Улсын бага хурал дээр гаргасан. Хэрвээ тэгэхгүй бол УИХ-ын 76 гишүүн байна гэж байна. Тэгэхээр 52 гишүүн дээрээ 23-ыг нэмэх бил үү. 23 гишүүнийг намуудаас нэмж аваад Их хурал болгоод цаашаа явъя гэвэл болно шүү дээ. Тэгэхээр ийм зүйл хэрэггүй. Тууштай байх хэрэгтэй гэсэн.
-Ардын Их хурлын таван жилийн хугацааг та богиносгосон хүн байна шүү дээ, Та?
-АИХ, УБХ чинь хоёр танхимтай парламент байлаа шүү дээ. Тэгээд нэг танхимтай болсон.
-Тэр үеийн депутатууд мундаг байна даа.  Нэгэнт олдсон эрхээсээ татгалзаж байдаг. 430 хүн татгалзаж байна гэдэг бол бас мундаг байна шүү дээ.
-Ер нь яахав дээ,тэнд хүмүүсийн сэтгэл хөдөлгөх зүйл бага байж  л дээ.(инээлдэв.) Тэр үеийн хүмүүс сайн байсан. Одоогийнх муу гэдэг талаасаа асуудалд хандаж байгаа юм биш.
-Нэг мундаг лам Богдод: “Цоржтой ч яалаа. Цоржгүй ч яалаа” гэж байсан юм гэнэ лээ. “Депутаттай ч яалаа, депутатгүй ч яалаа” гэсэн үе юм байна шүү дээ
-Сэтгэл хөдөлгөх юм байхгүй байсан  байж болох юм. Тэр үеийн депутатууд ер нь  шинэ бүрэлдэхүүн болчихсон байсан. Өмнө нь хоёр сум нийлээд депутат сонгодог байсан. Тоо нь цөөн байсан юм. Тэгээд хөдөлгөөн үүсээд сум, нэгдэл бүхэн тусдаа тойрог болчихсон хэрэг. Суудал 430 хүрч өргөжөөд, сонгогдох магадлал нь өндөр болсон. Бас нэгдлийн дарга нар харьцангуй шинэчлэгдсэн. Дээд боловсролтой ХАА-н дээд сургууль төгссөн хүн олон байдаг юм шүү дээ. Энэ утгаараа их сонин бүрэлдэхүүн байсан юм. Тэнд намаараа талцдаг хэрэг бага байсан хэрэг. Их хашир чанга байсан л даа. Ямар сайндаа АИХурлаар УБХ-ын дарга, дэд ерөнхийлөгчийг сонгоход гурван хүн нэр дэвшсэн. Шинэ намуудаас  Р.Гончигдорж, С.Зориг нар дэвшсэн. Хуучин намаас Сайд нарын зөвлөлийн дарга байсанШГунгаадорж гуай дэвшсэн. Ингээд эхний санал хураалтаар Гунгаадорж гуай уначихаж байгаа юм. Дараа нь санал хураахад Гончигдорж сонгогдож байсан. Үүнээс намч байр суурь алга байгаа нь харагдаж байгаа биз. Энэ бол их том индикатор байгаа биз?

-АИХ хурлын 80 гаруй хувь нь одоогийн Ардын намынх байдаг. Намчирхах үзэл гүн явж амжаагүй байсан байна.Та үндсэн хууль өөрчлөгдөх цагтаа өөрчлөгдөөд яваад байх хэрэгтэй гэж үздэг юм биз дээ?
-Өөрчлөгдөх цагтаа өөрчилнө гэхээсээ яг тодорхой мэргэжлийн хүмүүсийн судалсан дээр тулгуурлаад өөрийнхөө оролцсон практик үйл ажиллагааны суурин дээр...
-Гэхдээ Үндсэн хуулийг тань шиг судалсан хүн маш ховор байх...
-Тийм тулгуур дээрээ үндэслээд хэлэхэд энэ бол зайлшгүй хийх ёстой ажил болж хувираад байгаа юм.
-Одооны таны сэтгэл дундуур байгаа зүйл юу байна?
-Үндсэн хуулийг тусгай үндсэн хууль судалдаг багууд судлаад ном гаргачихсан. Би түүнд шүүмжлэгчээр оролцсон. Тэгэхдээ таван үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан судалсан байгаа юм. Нэгдүгээрт үндсэн хуулийн удаан үйлчлэх чадвар. Маш олон улсын Үндсэн хуулийг судлаад дундаж хугацаа гаргасан байдаг. Тэр нь 20-иод жил. Тэгэхээр манай Үндсэн хууль хорин хэдэн жил болчихсон. Ингэхээр манай хууль хэвийн үйлчилсэн байна. Хоёр дахь нь, хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдал. Энэ чухал үзүүлэлт байгаа биз дээ. Гурав дахь нь улс төрийн зөрчлийг зохицуулах чадвар. Дөрөв дэх нь төр засгаас дур зоргоороо аашлахыг хязгаарлах чадвар. Эрхмэдэлжүүлэх  чадвар. Сүүлийн гурав дээр нь асуудал байгаа. Манайхан улс төрийн өндөр төвшинд давхар дээл гэж яриад байна. Энэ бол байгаа асуудал дотор байгаа яльгүй хэсэг нь юм. Гол асуудал биш ч байж мэднэ. Тэгэхдээ одоо яриад байгаа болохоор гол асуудал гэхээс яах билээ. Гэхдээ үүнээс ноцтой олон гол асуудал байна. Жишээ нь дур зоргоороо аашлахыг хязгаарлах чадвар гэж байна шүү дээ. Хязгаарлалтын хувьд үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 24 дээр нэг заалт байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалт байна. Тэгэхээр төрийн эрх мэдлийг гурван салаа мөчирт хуваагаад, онол нь бол шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох гурван хэсэгт хуваагаад энэ гурав нь харилцан хяналттай, тэнцвэржүүлсэн байх ёстой. Тэгэхээр үүн дээр манай шинжээчдийн хэлж буйгаар бол 24-т байгаа УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэж. Ингэж нөгөө хоёрынхоо дээр нь байна гэж хэлээд байна шүү дээ. Түүгээр барахгүй 25.1-т УИХ бол улсын дотоод гадаад харилцааны ямар ч асуудлыг шийдвэрлэх эрхтэй гэж байгаа юм.

-Тэгэхээр энэ чинь парламентын засаглалтай орны вариант биш юм уу
-Биш. Энэ заалтыг хэзээ нэгэн цагт аюултайгаар хэрэглэх юм бол Монголд аюултай.
-Бидний яриа хөнгөнөөс хүнд рүү сайхан орлоо. Энэ бүгдийг тусгай сэдэв болгон ярихсан.  Заавал эргэж уулзах сан.



No comments:

Post a Comment