Saturday, February 14, 2015

Хүмүүн хорвоод заларсан Түүхэн эрхмүүдийн цадиг

Өнөөдөр Соёлын төв өргөөнд номын хурим боллоо. Гэхдээ нэг биш нэлээд хэдэн номыг нэгэн зэрэг уншигчдад танилцуулсан юм. Төрийн шагналт нийтлэлч, зохиолч Баабарын “Бүү март XXI” номын хүндэтгэлийн толилуулбар, “Түүхэн эрмүүдийн цадиг” цуврал номын нээлт  болсон нь энэ.
Энэ үеэр “Бүү март” зохиолыг хамтдаа эргэн дурсч, мартаж болшгүй үндэсний ухамсар, түүхээ залуу хойчдоо үнэн бодитоор өвлүүлэх талаар “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийнхэн онцоллоо. “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийг Монголын Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, нийтлэлч Баабар, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, УПЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарын хүндтэй эрхмүүд үүсгэн байгуулжээ. Энхүү бүтээлч нийгэмлэгийнхэн нь Монгол Улсын төр, нийгмийн түүхийг болон тухайн нийгэмд чухал гол үүрэг гүйцэтгэж байсан эрхмүүдийн цадиг дээр тулгуурлан Монголын нийгмийн хөгжлийг үнэн зөвөөр нь илэрхийлэн, түүнийг олон түмэнд хүргэн хойч үедээ өвлүүлэх зорилгыг агуулжээ. Уг зорилгоо хэрэгжүүлж эхэлсэн эхний алхам бол “Түүхэн эрхмүүдийн цадиг” гэсэн энэхүү цуврал юм байна. Тэд “НЭПКО” хэвлэлийн газартай хамтран энэхүү "Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралыг  гаргажээ.

Хувь хүний түүхийг өгүүлэх энэ цувралын эхлэл болох нийтлэлч Б.Баабарын бичсэн Х.Чойбалсаны тухай хоёр боть, дипломатч, эрдэмтэн, судлаач Д.Баярхүүгийн “Ж.Батмөнх”, сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн “Д.Бодоо”, эрдэмтэн, зохиолч С.Лочингийн “Д.Нацагдорж” гэсэн дөрвөн бүтээлийн нээлт  өнөөдөр боллоо. “Түүхэн эрхмүүдийн цадиг” Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, академич Б.Ринчен, анхны Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, Монгол Улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэв, Богд хаан, Их жанжин Д.Сүхбаатар нарын тухай цуврал номоор үргэлжлэх нь ээ.
Анхны Ерөнхийлөгч П.Очирбат номын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Догсомын Бодоо гэж хүний талаар түүхэнд сөрөг мэдээлэл их байдаг. Тэр хүний намтар түүх дотор Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг боловсруулж байсан тухай баримт бий. Манай Баабарын туурвисан Х.Чойбалсангийн хоёр ботиос  түүний туулсан амьдрал, гадны хүчинд автагдаж явсан үе, хувьсгал тэмцэлд оролцож байсан учир шалтгаан  зэргийг уншиж болно” хэмээн онцолсон юм.
Мөн Ерөнхий сайд асан С.Баяр “Та бүгд яагаад энэ таван хүн нйигэмлэг байгуулсан юм бэ гэж гайхаж байж болох юм. Хэдийгээр бид өөр өөр мэргэжилтэй ч бидний дунд түүхч хүн алга. Гэхдээ бид тавыг нэгтгэж байгаа нэг зүйл бол Монгол Улсын түүх. Ялангуяа Монгол Улсын ХХ зууны түүх асар сонирхолтой юм. Бид өнөөдөр ХХ зууны түүхээ сайн мэдэхгүй байна, түүнийг сайн мэдэх ёстой юм гэсэн зорилго биднийг нэгтгэсэн. Түүх гэхээр би л хувьдаа түүхийг мэдэхгүй. Мэдэхгүйгээ мэдэж байгаа нь сайн хэрэг. Миний аав бол түүхч хүн байсан. Манай аав намайг 10 орчим настай байхад түүх их ярьж өгдөг байсан. Чингисийн өвөг, Их Монгол Улс, Алтан ургынхан, Ардын хувьсгал, Сүхбаатар, Чойбалсан гээд их ярина. Түүнийг нь тогтож сонсох, тэвчээр ухаан надад байсангүй. “Аав одоо дээр үеийн холын юм яриад байх юм” гэдэг байснаа санаж байна. Тэгэхэд аав минь надад “Тийм ч холын юм биш ээ. Жишээлбэл миний чамд яриад байгаа Сүхбаатар, Чойбалсан гэдэг чинь түүхэн хүмүүсийнхээ хувьд хол санагдаж болох юм. Гэхдээ хувь хүмүүсийнхээ хувьд бол аав нь түүх судлаач хүнийхээ хувьд гар барилтын зай гэдэг л ойлголт юм. Аав нь Цэдэнбал даргатай гар барьж байсан хүн. Цэдэнбал дарга мэдээж Маршал Чойбалсантай гар барьсан байж таараа. Тэгэхээр Чойбалсан гэдэг хүн бол ааваар чинь дамжаад хоёрхон гар барилын зайны цаана байгаа хүн шүү дээ. Тийм ч хол хүн биш. Сүхбаатар бол Чойбалсангаараа дамжаад нэг гар барилтын зайны хүн. Тэр яригдаад байдаг Ленин багшид Сүхбаатар жанжин бараалхаж байсан. Тэгэхээр чамаас аавыг чинь оролцуулаад Ленин бол дөрвөн хүний гар барилтын зайнд л байгаа юм шүү дээ. Тиймээс алс холын биш магадгүй ойрынх байж мэдэх юм. Миний хүү түүхээ сайн судалж, мэдэж байгаарай” гэж хэлж байсан.
Би тэр үед 10-аад л настай байлаа. Тухайн үед сонирхоогүй. Залуу насанд сонирхож оролдох зүйл олон ийш тийшээ анхаарал сарнидаг байсан үе. Харин нас тогтоод ирэхээр хүн түүхээ сонирхож эхэлдэг юм байна. Би бол өнөөдөр түүхийг маш их сонирхдог. Ялангуяа ХХ зууны түүх гэдэг бол маш их сонирхолтой юм. Монгол Улсын хувьд хөгжил дэвшил, тусгаар тогтнол гээд хамгийн их хурдтай зуун тохиосон болов уу гэж бодож байна. Гэхдээ өнөөгийн монголчуудад өчигдрөө мэдэх нь чухал гэж би хувьдаа боддог. Бидний “Хүмүүн хорвоо” нийгэмлэг “Түүхэн эрхмүүдийн цадиг” гэж намтрыг гаргахад ямар үүрэгтэй оролцох ёстой юм бэ гэж ярилцсан. Энэ чинь асар их үүрэгтэй ажил юм байна. Тэрхүү ажлыг зохион байгуулж, түүх судлаачийг нийтлэлчтэй нь уулзуулах, санхүү, хөрөнгө мөнгөний асуудал, дотоод, гадаадын архиваас мэдээлэл цуглуулах гээд асар их ажил гардаг юм байна. Манай нийгэмлэгээс номыг гаргахдаа үндсэн гурван зарчмыг зохиогчийн өмнө зорилго болгосон. Нэгд түүхэн бүтээл учраас бодит үнэн дээр тулгуурласан байх ёстой. Худлаа ярьж, түүхийг гуйвуулж болохгүй. Хоёрт, тэр алс хол санагдаад байгаа түүхийг хүнд ойртуулах алс хол, архивын тоос дарагдсан материал, аль нэг хурал тогтоолын шийдвэр биш байлгах. Ялангуяа өнөөгийн залуу үед аавын хоёр гар барилтын зайд Маршал Чойбалсан оршин байна гэдэг төсөөлөл надад зөв санагдаад байгаа юм. Түүхийг бүтээж байгаа тэрхүү хүний баяр баясгалан зовлон бэрхшээл, тэмцэлийг бодит хүнээр нь гаргах нь зүйтэй юм. Гурав дахь зарчим нь аливаа уран бүтээл уншигчдын гар дээр очихдоо сонирхолтой байх ёстой. Түүхэн номыг нийтлэлчийн авьяасаар өнөөдрийн амьдралтай холбоод түүний зөвхөн гаргасан шийдвэр, туулсан амьдрал биш хувь хүний талаас нь залуу нас, хайр дурлалыг нь ч тусгаж өгөх хэрэгтэй юм. Энэхүү гурван зарчмыг түүхэн нмондоо тусгаснаар хэн хүнгүй ялангуяа залуу хойч үе түүхээ сонирхон судлах юм” хэмээв.
Номын нээлтийн дараа нийтлэлч Баабарын "Бүү март XXI" номын хүндэтгэлийн толилуулбар боллоо. Энэхүү номыг түүний гар бичвэрээр буулгасан нь хэн хүний анхаарлыг татаж байлаа. Уг номын нүүрэнд “Москвад ч бай, Бээжинд ч бай Монгол хэмээн мөхөж буй ард түмний тухай шог яриа л ХЭЗЭЭ Ч БҮҮ МООД БОЛООСОЙ. БИДНИЙ ТҮҮХ, СОЁЛ, ХЭЛ, ЗАНШЛЫГ БИД ӨӨРСНӨӨ Л ХАЙРЛАХГҮЙ БОЛ БИДНЭЭС ӨӨР ХЭН Ч ХАЙРЛАХГҮЙ. БҮҮ МАРТ. МАРТВАЛ...?! 1988 Москва” хэмээн дармалаар бичсэн гар бичвэр зурайна. Гар бичмэлийн эхний хуудсыг сөхвөл "Энэ номыг нууж бичээд, нууж явуулаад, нууж хувилаад, нууж тарааж байсан тэр цагаас хойш 27 жил өнгөрчээ. Нууж тэвчихээ болиод ил ярилцаж, илээр  тэмцэж, хувь заяагаа өөрсдөө гартаа авснаас хойш 25 он өнгөрч, хүмүүсийн амьдралын бүтэн үе солигджээ..."  хэмээн дурсчээ.
Тэртээ наяад оны сүүлчээр Б.Баабарын “Бүү март” хэмээх гар бичмэл нууцаар тараагдаж, итгэж болох нэгэндээ сэм уншуулдаг байсан гэдэг. 1988 онд анх бичигдэж, Монголын анхны “самиздат” буюу нууц хэвлэлийн шугамаар тарсан энэ бүтээл  мянга мянган монгол хүний  улс үндсээ гэх ухамсрыг сэрээн, монгол хүн юуг мартах шахсаныг эргэн сануулсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалын уриа дуудлага, онгодын нэг нь чухам энэ бүтээл байлаа.








No comments:

Post a Comment