Monday, March 2, 2015

МАХН-ын Төв Хорооны гишүүд, орлогч гишүүдэд хандсан уриалгa

Улаанбаатар 1990.03.12
Та бид улс орныхоо улс төр, нийгэм, эдийн засаг гүнзгий хямралд байгаа хариуцлагатай үед ажиллаж амьдарч байна. Улс төрийн энэ хямралын бодит илрэл болсон эгзэгтэй мөч энэ оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдийн үйл явдалд та бид дор дороо өөр өөрийн дүн шинжилгээ өгсөн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Энэ хямралт байдлаас гарахын тулд өнөөдөр манай орны улс төрийн амьдралд үүсэн бий болсон Ардчилсан бодит хүчнүүдтэй МАХН зүй зохистой байр сууринаас хандсан нь улс төрийн хэлэлцээний замаар ямар ч эгзэгтэй асуудлыг саруул ухаанаар шийдэж болохыг ард түмэнд бэлхнээ харууллаа.
Та бид бүгдээрээ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАЛТЫН амин сүнс - Ардчиллын төлөө ажиллаж байгаагаараа нэгэн зорилготой. Иймд хямралыг дахин гаргахгүйн үүднээс МАХН-ын онц их хурлыг хуралдуулж намын үйл ажиллагааг засаг төрөөс тусгаарлах бодит алхам хийх, үүнийгээ баталгаажуулахын тулд Үндсэн хуулинд заасан онцгой эрхээсээ МАХН өөрөө татгалзан намаа шинэчлэх шийдвэр гаргах түүхэн хариуцлага ТАНЫ гарт байна.
Манай Ардчилсан Социалист Хөдөлгөөний эрмэлзэх зорилго бол МОНГОЛ ХҮНИЙ чадал, боломж бүх талаар ЧӨЛӨӨТЭЙ ХӨГЖИН ДЭЛГЭРЧ, улмаар ХҮН НЬ монгол орон шигээ БАЯН ДЭЛГЭР байж, зөвхөн хөдөлмөрлөх биш харин ХӨДӨЛМӨРИЙНХӨӨ ҮР ШИМИИГ ҮЗЭЖ, ЧӨЛӨӨТЭЙ АМЬДРАХ боломжийг хангахад оршино гэсэн нь монголын ард түмний ашиг соиирхолд бүрнээ нийцэж байгаа юм. Энэ зорилгод хүрэх зохистой арга зам нь АРДЧИЛАЛ.
Улс орныхоо улс төрийн тогтцыг ардчиллаар өөрчлөх дээрх түүхэн шийдвэрт таны эрүүл саруул ухаан зохих хувь хандиваа оруулна гэдэгт Ардчилсан Социалист Хөдөлгөөн гүнээ ИТГЭЖ байна.
Та бүхний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!

No comments:

Post a Comment