Monday, August 31, 2015

40 хавтаст хэрэгт Л.Гансүхийг буруутгах баримт байхгүй

Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг тойрсон маргаан олны анхаарлыг татсан хэвээр байгаа. Энэхүү хэргийг шүүх хурал нөгөөдөр /IX.02/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон хувийн байгууллагууд холбогдсон байж болзошгүй энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг сонирхох хүсэлтэй 5000 гаруй иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлд ханджээ. Тиймээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ.
Ийнхүү шүүх хурлыг нээлттэй явуулснаар Авлигатай тэмцэх газар мөрдөн байцаалтын явцад хэрхэн хууль зөрчсөн, гэрчүүдийг хэрхэн тулган шаардаж мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил ил болно гэж өмгөөлөгчдийн зүгээс үзэж байгаа гэнэ. Мөн хэргийг хуудуутай шийдвэрлэж, Л.Гансүхийг буруутан болгох зорилго Авлигатай тэмцэх газар, нийслэлийн Прокурорын газарт бий гэх хардлага шүүгдэгч талд бий аж. Иймээс үнэн бодит байдлыг илчилж, Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотлохын тулд шүүх хурлыг нээлттэй явуулахыг ерөнхий шүүгч Х.Идэр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нараас хүсч байгаа аж.
12 мянган гаруй хуудастай 40 хавтаст хэрэгт Л.Гансүхийг буруутай болохыг нотлох ямар ч нотлох баримт байхгүй, эцэст нь Л.Гансүх цагаадах учиртай. Хэрэв хурлыг хаалттай, нууц байдлаар явуулбал гадны нөлөө орох эрсдэлтэй. Иймээс болгоомжилж байна гэж тэрээр мөн хэлж байлаа.

No comments:

Post a Comment