Wednesday, September 9, 2015

Л.МӨНХТУЯА: Өмгөөлөгчдийн үйлдэл хуульчийн ёс зүйд нийцэхгүй байна

Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт холбогдон шүүхийн хаалга татаад байгаа Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх болон өөр хоёр хүнд холбогдох хэргийг шүүх хурал удаа дараа хойшилж буй шалтгааныг шүүгдэгчдийн өмгөөлөгч нар янз бүрээр тайлбарлаж байгаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшиллоо. Шалтгаан нь юу байв?
-Нийслэлийн прокурорын газраас Лүймэдийн Гансүх нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг тус шүүх 2015 оны долдугаар сарын 10-нд хүлээн авч, мөн сарын 24-нд шүүхэд шилжүүлэн, наймдугаар сарын 3-нд шүүх хурал хийхээр товлосон юм. Гэвч тэр өдрөө болоогүй хойшилсон шалтгаан нь шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн гадаадад өмгөөлөгчдийн спартикиадад оролцох болсон тул хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.
Үүний дараа наймдугаар сарын 17-нд товлосон ч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэргийн материалтай гүйцэд танилцах боломжоор хангаж өгөхийг, өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Цэрэнжээ нар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хурал давхацсан шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авсан.
Мөн шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн бие муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, шүүгдэгч нар шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас хойшлуулсан.
-Шүүхэд дуудсан гэрч ирээгүй учраас хурлыг хойшлууллаа хэмээн өмгөөлөгч нар нь мэдэгдэж байсан шүү дээ.
-Есдүгээр сарын 2-нд товлосон шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа нь үйлчлүүлэгч нараасаа татгалзсан.
Өмгөөлөгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч нь хэрэгт оролцох талаар тохиролцсон буюу томилогдсон үеэс өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн үүргээс татгалзах, хууль бусаар нотлох баримт цуглуулах эрхгүй”, мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 4.2-т “Өмгөөлөгч нь хувийн ашиг сонирхлоо тэргүүнд тавих зэргээр хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах эсхүл хойшлуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэн зохих байгууллагад нь хандсан байгаа.
Түүнээс гадна шүүгдэгч Н.Даваахүү энэ сарын 1-нд өмгөөлөгч Э.Одхүүг шинээр сонгон авсан, шүүгдэгч Б.Мөнгөнтуяа өнгөрсөн пүрэв гаригийн шүүх хурлын үеэр өмгөөлөгч Д.Баттулгыг шинээр авсан талаарх гэрээгээ шүүхэд өгсөн. Шүүх шүүгдэгч нарын эрх ашгийг харгалзан өмгөөлөгчдийг хэргийн материалтай танилцуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан.
-Шинжээч, гэрчүүд ирэхгүй байгаа тохиолдол байгаа юм уу?
-Шүүх хуралд шинжээч Ш.Ичинхорлоо, гэрч М.Сономпил, Н.Мэргэнбаатар, Ц.Мөнхчулуун, М.Сүхбаатар нарыг оролцуулахаар шүүхийн зарлан дуудах хуудас хүргүүлсэн боловч ирээгүй тохиолдол наймдугаар сарын 17-нд товлогдсон хурлын үеэр гарсан. Тиймээс Тахарын тухай хуулийн дагуу албадан ирүүлэхийг Тахарын албанд даалгасан.
-Шүүгчдэгчдийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад Ерөнхий сайд асан, гэрч Н.Алтанхуяг болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүллээ гэж ярьж байгаа. Бас хэсэг хүн жагсахаар мэдэгдсэн. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж буй хэлбэр мөн үү?
-Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс тэдний гэм буруугийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байхад удаа дараа урьдчилсан дүгнэлт хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл цацаж, шүүхийн хараат бус байдал, шүүгчийн бие даасан байдалд халдан, хуульчийн болон өмгөөлөгчийн ёс зүйгээ ноцтой зөрчиж байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын энэ үйлдэл хуульч, өмгөөлөгчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Шүүх хурал нээлттэй болно. 
Л.МӨНХТУЯА: Өмгөөлөгчдийн үйлдэл хуульчийн ёс зүйд нийцэхгүй байна

No comments:

Post a Comment